Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж буй Ц.Батбаяр нарын хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ. Энэ хэрэгт нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татсан байна.
Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газарт хэргийг хянах явцад Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэдэг. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт дээрх хүмүүсийг буруутгаж байгаа юм. Мөн түүнийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.
Энэ хэрэгт шүүгчдэгчээр татагдаад байгаа Т.Билэгтийг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөн улсад багагүй хохирол учруулсан болохыг тогтоосон гэж буй. Тодруулбал, 2,125 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг хууль бусаар Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК, Д.Чулуунбаатар нарын нэрээр хувьчилж, улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ