Финлянд дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Финлянд дэлхийн аварга боллоо

Словакийн Братислав хотноо болсон шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Финляндын шигшээ баг 6:1 харьцаатай Шведийн багийг буулган авснаар 1995 оноос хойшхи анхны дэлхийн аваргын цомоо хүртлээ. Финляндын баг тоглолтын гуравдугаар үед таван гоол оруулсны эхнийх нь Петтери Нокелайнены нэр дээр бүртгэгджээ. Мөн энэ тоглолтод Яркко Иммонен, Нико Капанен, Янне Песонен, Мика Пьёрала, Антти Пильштрём нар өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан юм. Харин Шведийн багийн цорын ганц гоолыг Магнус Пяяйарви оруулжээ. Тоглолтын дараа Финляндын шигшээ багийн тоглогч Сами Леписто “Миний спортын замналын хамгийн гайхалтай мөч. Мэдээж хэрэг, өнгөрсөн жил олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь гайхалтай байсан. Гэхдээ энэ чинь дэлхийн аварга шүү дээ” хэмээжээ.

Ийнхүү Финляндын багийн 16 жилийн хүлээлт эцэс болов. Тэд түүхэндээ анхны бөгөөд цорын ганц удаа 1995 онд дэлхийн “оргилд гарсан.” Тухайн үед Стокгольм хотноо аваргын төлөө мөн л Шведийн багийг 4:1-ээр хожиж байв.

2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт Чех болон ОХУ-ын шигшээ багийн хооронд өрнөж, 7:4 харьцаатай Чехийн багийн ялалтаар өндөрлөжээ. Хэдийгээр дэлхийн аваргаас медальгүй хоцорсон ч ОХУ-ын хоккейчид дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж