А.Бакей: Сонгуулийн тогтолцоог зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

А.Бакей: Сонгуулийн тогтолцоог зөвшилцөнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг хийлээ.

-УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Хуулийн төсөл боловсруулагдаж дууссан уу, яагаад их цаг алдав?

-Хууль боловсруулагдаж дууссан, Сонгуулийн нэгдсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль гэсэн гурван сонгуулийг бүхэлд нь нэгтгэн зохицуулахаар тусгасан. Дотроо хоёр хэсэгтэй. Жишээ нь нийтлэг асуудлууд гэдэгт сонгогчийн бүртгэл, сонгуулийн дүн гаргах гэдэг юм уу, сонгуулийн маргааныг шийдэх асуудлыг багтааж, дээр дурдсан нэр бүхий гурван сонгуульд бүгдэд нь хамаатай байхаар тусгасан.

Хоёр дахь хэсэгт тусгай асуудлын хэсэг гэж бий. Түүгээр Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нийтлэг хэсгээр зохицуулж болохгүйг тусгайлан зохицуулахаар тусгасан юм. Цаашдаа нам, эвслийн бүлэгтэй хэлэлцэж зөвшилцөх шаардлагатай асуудлууд бий.

-Тухайлбал, ямар асуудлыг намын бүлгүүдтэй зөвшилцөх шаардлага байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тогтолцоо нь ямар байх вэ гэдэг дээр УИХ дахь намын бүлгүүдтэй хараахан санал нэгдээгүй байгаа. Зарим нам, эвслийн бүлэг сонгуулийн тогтолцоо 100 хувь можаритор системтэй байх, зарим нь холимог системтэй байх ёстой гэж үзэж байна. Цаашлаад холимог систем дотроо ямар харьцаатай байх вэ, 50:50 байх уу, эсвэл 2012 оны УИХ-ын сонгууль шиг 48:28 харьцаатай байх уу гэх мэт янз бүрийн санал байна. УИХ-ын гишүүдийн хувьд зөвшилцлийн үйл ажиллагаа цаашдаа явна.

-Улстөрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүд мөн ямар шатанд байгаа вэ?

-Улстөрийн намын тухай хуулийн хувьд ч төсөл бэлэн болсон, зарим зүйл дээр зөвшилцөх шаардлагатай. Ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Мөн л нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх асуудлууд гарна. Нам байртай байх ёстой юу, намын хатуу гишүүнчлэл байх ёстой юу гэдгээс эхлээд нухацтай хэлэлцэх асуудал олон бий.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хувьд дээр дурдсан хуулийн төслийг боловсруулах шатанд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсны зэрэгцээ гадны туршлагыг судалсан. Тэр дундаа парламентын гадна байгаа намуудын саналыг авах талд ажлын хэсэг нэлээд сайн ажилласан.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж