-Энэ жилээс эхлэн “Эмээлт” түүхий эдийн захад тусгайлан хашаа барьж, малыг нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаалдаг болжээ-
Жил бүрийн наадмын үеэр хотын зүүн, баруун товчоонд мал сүрэг, сүргээр бэлчээрлэдэг жишиг тогтоод байсан юм. Товчооны дэргэд сүргээр бэлчих малыг Улаанбаатарчууд “Наадмын хонь” гэж нэрлэнэ. Харин энэ жилээс эхлэн “Эмээлт” түүхий эдийн захад тусгайлан хашаа барьжээ. Тэнд “Наадмын хонь”-ийг нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаалдаг болжээ. Мал худалдах, төхөөрөх ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хянаж, худалдаачдаас татвар авч байгаа гэнэ. Энэ жилийн “Наадмын хонь”-ийн үнэ, ханшийг сонирхохоор, басхүү шинэ зохион байгуулалтыг харахаар “Эмээлт” захыг зорилоо. Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай гээд л нутаг, нутгаас ачигдан ирсэн хонь, нийслэлийн удирдлагуудын бэлтгэж өгсөн багахан хэмжээтэй хашаагаар дүүрэн байна. Халуунд өдөржингөө хашиж, өвс идүүлээгүйгээс худалдааны хонь гэдэс муутай, туранхай мэт харагдана. Борлуулалт ч муу байгаа сурагтай.
“Сайхан тарган хонь байна. Аваарай. “Ярьж”, хөөрөөд боломжийн үнээ буулган өгнө. Хашаа руу ороод үз” гээд л мал худалдаалагчид, үнэ ханшийг нь сонирхож яваа хүмүүст ам уралдан хэлнэ. Мал худалдаалах цэгт 20 орчим малын хашаа барьжээ. Эдгээр хашааны хонины үнэ хэлэлцэж, тохиролцсон мэт яг адилхан үнэтэй байх юм. Төв аймгаас ачигдаж ирсэн хонь Дундговь,Хөвсгөл, Хэнтийнтэй адилхан үнэтэй. Уг нь Улаанбаатар хотод ойр байгаа Төв аймгийнхны мал 800 км-ын цаана байгаа Хэнтийнхээс арай хямд байж болмоор санагдах юм.
“Эмээлт” захын Мал худалдаалах газрын хамгийн хямдхан төлөг 100-110 мянган төгрөгийн үнэтэй. Малын худалдаачид эхлээд “Төлөг 110 мянган төгрөг” гэж хэлнэ. Түүнийхээ дараа “За яахав, яриад 100 мянган төгрөгөөр шууд ав” гэнэ. Шүдлэн, хязаалан хонь 150-170 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин бүдүүн, сувай эм хонь 180 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Бүдүүн эр хонь 200-240 мянган төгрөгийн үнэтэй.
-Хүмүүс ихэвчлэн 150-180 мянган төгрөгийн үнэтэй дунд насны иргэ хонийг худалдаж авч байна гэж Хөвсгөл аймгаас ирсэн Д.Лхагвасүрэн ярилаа. Д.Лхагвасүрэн Хөвсгөл аймгаар явж, мал цуглуулаад хотод ирж борлуулж байгаа гэнэ. Нэг үгээр бол “Малын ченж”. Хөвсгөлөөс нэг хонио арван мянган төгрөгөөр ачуулж, хотод ирсэн байна. Гэтэл Улаанбаатар хотын удирдлагууд “Малын төвлөрсөн зах” гэгчийг барин, “заавал энд зар” гэсэн зарлиг буулгасан байж. Тэгээд л бусад мал худалдаачдын адил үнээр хонио борлуулж байгаа аж. Хэрвээ хонио хямдхан зарвал бусад “Ханш унагалаа” гэж гадуурхана. Үнэтэй зарвал хүмүүс авахгүй. Тиймээс “Эмээлт” дэх хонь яг адилхан үнэтэй байгаа юм гэлээ.
Харин “Эмээлт” захын хамгийн үнэтэйд 270 мянган төгрөгийн үнэтэй бүдүүн эр хонь тооцогдож байна. Дундговийн гэх нэгэн ах “270 мянган төгрөгөөр эр хонь авчихвал хоёр сар махны гачигдалд орохгүй дээ” гэж ирсэн хүн болгонд хонио сурталчилж байх нь тун содон харагдана.
Өмнө нь хотын зах бараадан, малаа хариулангаа борлуулдаг байсан малын худалдаачдад энэ жил эийслэлийн удирдлагаас хэрэгжүүлсэн “Мал худалдаалах төвлөрсөн зах”-ыг зохион байгуулалт муутай, дарамттай байгааг учирлалаа. Зах нэртэй жижигхэн хашаа барьснаар иргэдэд малаа хариулангаа худалдаалах боломжгүй. Ингэснээр мал өлдөж, гэдэс багатай харагдана. Үүнийг нь Улаанбаатарчууд туранхай гэж голоод авдаггүй гэнэ. Өдрийн цагаар малаа бэлчээрлүүлэх гэхээр Мэргэжлийн хяналтынхан ирж, дахиж хашаанд оруулахгүй, хөөнө тууна гэж дарамталдаг гэнэ.
Мал худалдаалах цэгээс 200 орчим метрийн зайд төхөөрөх газар бий. Хүмүүс худалдан авсан малаа төхөөрөх газраар ихээр үйлчлүүлж байна. Нэг мал төхөөрөхөд 5000 төгрөг, эсвэл малынхаа арьсыг өгч болно гэнэ. Малын өлөн гэдсийг цэвэрлэхэд бас л 5000 мянган төгрөгийн үнэтэй.
Ийнхүү “Эмээлт” захад “Наадмын хонь” борлуулагч, худалдан авагчийн томоохон амьдрал бүтэн өдөржингөө үргэлжлэх аж. Эгээтэй л сумын нэгэн бригадын малын угаалга болж байна уу даа гэмээр төрх харагдлаа.
Б.БИЛЭГ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №069