
1949 онд Австралид байгуулагдсан “Leighton Holdings ltd” группийн хүрээнд 1975 онд Гонгконгод “Leighton Asia Ltd” байгуулагдсан. “Leighton Holdings Ltd” нь Австралийн хамгийн том уул уурхайн төсөл, гэрээний гүйцэтгэлийн компани юм. Өчигдөр “Leighton Asia Ltd” компани Монголд нүүрсний уурхайн төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож 940 сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу тус компани Ухаа худаг нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийх болно.
Тус уурхай жилд 1.8 сая тонн нүүрсний олборлолт хийх хүчин чадалтай бөгөөд гэрээний дагуу “Leighton Asia Ltd” компани хөрөнгө оруулалт хийснээр 2011 оны зургаадугаар сар гэхэд жилд 10 сая тонн нүүрсний олборлолт хийх хүчин чадалтай болох болно. Ухаа худаг нүүрсний уурхайг Монголын Энержи Ресорс ХХК эзэмшдэг бөгөөд өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас “Leighton Asia Ltd” компанитай тус уурхайн цаашдын хөгжлийн төсөл дээр хамтран ажиллаж байгаа юм.
Т.Санаа