Фото: REUTERS/ Tony Gentile/Files
FIFA-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттер Урагвайн хөлбөмбөгчин Луис Суаресийг дэлхийн аваргын тэмцээн дээр хүн хазаж сахилгагүйтснийхээ төлөө уучралт гуйсанд нь магтаж, түүнийг fair play гэх жентельмен үйлдэл хийлээ хэмээн үнэлэв.
Италийн хөлбөмбөгчин Жоржио Кьеллинийг хазсан Суаресийг FIFA есөн тоглолтоор торгоод дөрвөн сарын турш хөлбөмбөгт ойртохыг нь хориглосон юм. Мөн тэрээр 100 мянган франкийн торгуулийн хуудас гардан авчээ. Дөрвөн сарын турш тэрээр хөлбөмбөг тоглож буй дэлхийн ямар ч газарт ойртохгүй байх ёстой.
Хэрэг өнгөрснөөс долоо хоногийн дараа Суарес твиттер хуудсаараа “Кьеллини ба бүх хөлбөмбөгчдийн гэр бүлээс” уучлалт гуйсан.
"Тэр хөлбөмбөгийн бүх нийгэмлэгийн өмнө уучлалт гуйлаа. Түүнийг нь шударга тоглолт (fair play) гэж нэрлэж болно. Энэ үйлдэл нь түүнийг сайн хөлбөмөгчин гэдгийг харуулж байна. Тэр удалгүй өөрийн карьераа үргэлжлүүлнэ хэмээн би найдна” гэсэн Блаттерийн үгийг REUTERS иш татсан байна.
Урагвайн шигшээ плей-офф-т шалгарсан ч Суаресгүйгээр Колумбийн багт 0:2 харьцаатайгаар хожигдон нутаг буцсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР