Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Нар хур тэгширсэн зуны дэлгэр цагаар найраг эгшиг хосолсон наадам эхэллээ. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр бяр нь тэгширсэн эрчүүд ид хаваа гайхуулах энэ л өдрүүдийг монголчууд бүтэн жил хүлээдэг.

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлж байна. Жил бүрийн наадмын салхийг хагалдаг урианхай сурын харваа нь зөвхөн эрчүүдийн наадам аж.

Монгол үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бол урианхай сурын харваа. Энэ харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусдаас ялгаатай юм байна. Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг гэнэ. Энэ төрлөөр Баян-Өлгийн харваачид баяр наадмыг өнгөлдөг.

Урианхай сурын харвааны дараа маргааш буриад сурын харваа болох гэнэ. Харин нөгөөдөр өсвөрийн сурчид цэц мэргэнээ уралдуулах юм.

“Дараа жилийн наадам даанчиг хол байна даа” хэмээн бүтэн жил хүлээсэн наадмын өдрүүд эхэлж, Хүй долоон худагт хүүхдийн гийнгоо хангинаж байна. Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор есөн жил болж байгаа юм.

 Энэ жил наадам шинэ хуулийн дагуу өрнөнө. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нарын өргөн барьсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар баталсан бөгөөд шинэ хуулийн дагуу А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр дархан аваргынхаа цол тэмдэгээ аваад  байгаа.

 Морин жилийн наадмын бас бас нэгэн онцлог нь хуулийн дагуу наадамчин олон маань  энэ сарын 11-16 хүртэл тав хоног амрахаар болсон.

Хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай байгаа ч дэлхийд ганцхан монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадах Монгол наадмын өдрүүд эхэллээ. Хотол олноороо, элгэн саднаараа сайхан наадах сайхан өдрүүд ийн эхэлж байна.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж