Өсөхбаяр 2005-2009 онд ДАЛАЙ АВАРГА ЦОЛТОЙ явлаа
Манай улс далай байтугай далайн гарцгүй орон. Гэтэл “далай” гэсэн үгийг бөхийн цолонд хэн хаанаас оруулаад ирэв. Хүндэтгэлийг илэрхийлэх тийм лут үг мөн юм уу?
Ийм асуулт бидний толгойд орж ирсэн нь нэг удаа бус. Гэхдээ Эзэн Чингисийн дараа түүнийг залгамжлан 1229 онд Их Монгол улсын хаан ширээнд суусан Өгөдэй хаан маань “Далай хаан” цолтой байж. Түмэдийн Алтан хаан 1578 онд Түвдийн гэлүгва ёсны 3 дугаар тэргүүн лам Содномжамцтай Хөхнуурт уулзахдаа түүнийг “Далай лам” хэмээн өргөмжилжээ. Ингээд “Түмний нэг” киноны Чинбат “сраз майор” болдог шиг энэ лам шууд III Далай лам боллоо. Харин аль хэдийнэ Бурханы оронд одсон гэлүгва ёсны 1, 2 дугаар тэргүүн ламд Далай лам гэсэн алдрыг бөхийн цол мэт нэхэмжлэн олгожээ. Бурханы шашны ном сударт I Далай лам Гэндэнрүп, II Далай лам Гэндэнжамц хэмээн бичиж тэмдэглэх болсон нь ийм учиртай байна. Тэгэхээр “далай” гэсэн үг яахын аргагүй хүндэтгэлийн сайхан үг болж таарлаа.
Ингэхэд Монгол бөхийн тухай үгийн санд байгаа далай, даян, дархан гэсэн тодотгол нь цол юм уу, эсвэл цолны чимэг юм уу? Энэ асуултад хариулахын тулд Үндэсний их баяр наадмын тухай 2003 оны хууль гарахаас өмнөх Бөхийн дүрмүүдийг сонирхъё.
1969 онд гаргасан Үндэсний бөхийн дүрэм
Монголын Биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1969 оны 9 дүгээр сарын 12-ны 12/36 дугаар тогтоолоор баталсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндэсний бөхийн дүрэмд:
18 дугаар зүйл: Бөхийн цол
– Улсын их баяр наадамд 5, 6 давсан бөхөд улсын начин, 7, 8 давсан бөхөд улсын заан, 9 давсан бөхөд улсын арслан цол, арслангийн болзлоо давтвал аварга цол тус тус олгоно. Онцгой тохиолдлоор цолыг дэвшүүлэн олгох асуудлыг жич шийдвэрлэнэ.
– Бүх орон даяар шалгаруулан барилдуулсан тойргийн барилдаанд шалгарч 1-3 байрт орсон бөхчүүдэд улсын цолыг олгож болно.
19 дүгээр зүйл: Бөхийн чимэг
Улсын начин, заан, арслан, аварга цолтой бөхчүүд дараагийн наадамд уг даваагаа давтсан буюу шөвгөрсөн бол чимэг олгоно.
Үүнд: Аварга цолтонд манлайн баясгалант, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, үлэмж бадрах, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, олныг баясуулагч, улс даяар гайхамшигт, тод сонин үзэсгэлэнт, бат нягт, итгэлт, даяар дурсагдах, далай дайчин, даян, дархан.
1982 онд гаргасан “Тамирчдын цол, зэргийн нэгдсэн ангилал”
Биеийн тамир, спортын улсын хорооны гишүүд 1982 оны 12 дугаар сарын 23-нд хуралдан 89 дүгээр тогтоолоор “Тамирчдын цол, зэргийн нэгдсэн ангилал”-ыг 30 гаруй төрлөөр баталсан байх ба үүний нэгд бөхчүүдэд цол олгох талаар заажээ.
Улсын наадамд 512-1024 бөх барилдуулж
– түрүүлсэн бөхөд “улсын арслан” цол
– 7 давсан бөхөд “улсын заан” цол
– шөвгөрсөн бөхөд “улсын начин” цол
– “улсын арслан” цолтой бөх түрүүлбэл “улсын аварга” цол
– “Аварга” цолтой бөх түрүүлбэл “даян аварга” цол
– “Даян аварга” цолтой бөх түрүүлбэл “дархан аварга” цол олгоно.
1990 онд гаргасан Үндэсний бөхийн барилдааны дүрэм
Биеийн тамирын байгууллагын Тэргүүлэгчдийн хурлаар бус мэргэжлийн гэж хэлж болох МYБХ-ны Цэцдийн зөвлөлийн 67 гишүүний батлан гаргасан анхны дүрэм нь 1990 оны 12-р сарын 5-наар огноолсон энэхүү Бөхийн дүрэм юм. Энэ дүрэмд Бүх ард түмний спартакиад, улс, аймаг, нийгэмлэг, хот, сумын аварга шалгаруулах тэмцээнээр улс, аймаг цэрэг, сумын цол өгөхийг болиулж жилд ганцхан удаа наадмаар олгохоор заасан. Түүнчилэн Ардын хувьсгалын түүхт онцгой ойгоор Улсын баяр наадамд 6 давахад заан, 7 давж 4-т үлдэх, 8 давж үзүүрлэхэд арслан, улсын цолтой бөх түрүүлэхэд шууд аварга цол олгож байсан улстөржсөн уламжлалыг зогсоосон билээ. Тус дүрэмд:
– Улсын их баяр наадамд 5-6 давбал улсын начин, 7-8 давбал улсын заан, 9-өөс дээш давж түрүүлбэл улсын арслан цол олгох ба улсад 2 удаа түрүүлбэл аварга цол, 3 удаа түрүүлбэл далай аварга, 4 удаа түрүүлбэл даян аварга, 5 удаа түрүүлбэл дархан аварга цолыг тус тус олгоно гэж заажээ.
Дээрх дүрмүүдээс харахад даян (аварга), дархан (аварга)-г 1982 оноос бөхийн цол гэж эрх зүйн талаас нь албан ёсоор баталгаажуулсан байна. Урьд нь 1969 оны дүрмээр цолны чимэг гэж тооцож байжээ.
Харин 1990 оноос далай (аварга)-г бөхийн цол гэж дүрэмд суулган нэмжээ. 1990 оны бөхийн дүрэмд “далай аварга” цолыг шинээр оруулахад хамгийн их нөлөөлсөн хүмүүс нь дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар юм билээ. Эдгээр бөхчүүд бүгд Улсын баяр наадамд 5-аас дээш түрүүлсэн дархан аваргууд. Тиймээс “дархан аварга цолтой бөх доод тал нь 5 түрүүлсэн байх ёстой” гэсэн санааг ил далд хэлбэрээр, шууд болон шууд бус утгаар илэрхийлж Цэцийн бусад гишүүнд нөлөөлсөн байдаг юм. Б.Бат-Эрдэнэ аварга энэ үед дархан аварга цолтой, хуралд сууж байсан ч нас залуу (26-тай) учраас уг асуудалд ахмад аваргуудын саналыг даган баясах төдийгөөр ханджээ.
Эцэст нь “далай аварга” гэсэн шинэ цол нэмж байж асуудлыг шийдлээ, 512 бөх барилдсан 5 удаагийн наадамд 5 түрүүлж байж “дархан аварга” цолонд хүрэх хатуу босго тогтоолоо.
Харин МҮБХ-ны Тэргүүлэгчдээс дэвшүүлсэн саналыг дэмжсэн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тэргүүтэй хэсэг гишүүн өөрсдийн бүрэн эрхийнхээ дагуу Үндэсний их баяр наадмын тухай хуульд өнгөрсөн 6 дугаар сарын 13-нд өөрчлөлт оруулж “далай аварга” цолыг хасч дархан аварга цолонд хүрэх босгыг хөнгөллөө. Одоо 1024 бөх барилдсан Улсын баяр наадамд 1 удаа, 512 бөх зодоглосон наадамд 2, нийтдээ 3 түрүүлээд дархан аварга болно. Эсвэл 512 бөх барилдсан 4 удаагийн Улсын баяр наадамд түрүүлээд дархан аварга цолонд хүрнэ.
Уншигч танд “далай аварга”-ыг хасч шинэчилсэн хуулийн заалтыг танилцуулъя.
Үндэсний бөхийн барилдаан
7.1.Улсын баяр наадамд дараахь амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:
7.1.1.тав давсан бөхөд улсын начин;
7.1.2.зургаа давсан бөхөд улсын харцага;
7.1.3.долоо давсан бөхөд улсын заан;
7.1.4.найм давсан бөхөд улсын гарьд;
7.1.5.ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;
7.1.6.улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;
7.1.8.улсын аварга түрүүлсэн бол улсын даян аварга;
7.1.9.улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга.
7.2.Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно гэж заажээ.
Хуульд орсон өөрчлөлттэй уялдан урьд нь үзүүлсэн амжилтаараа даян аварга Г.Өсөхбаяр нь дархан аварга цолтой болов. Тэрээр 2002 онд 9 даван түрүүлж улсын арслан, 2003 онд 9 даван түрүүлж аварга, 2005 онд 9 даван түрүүлж далай аварга, 2009 онд мөн 9 даван түрүүлж даян аварга болсон юм. Түүний түрүүлсэн 4 наадмын барилдсан бөхийн тоо нь 512 байсан.
Цолны “далай”-гаас болж дархан аварга Г.Өсөхбаяр нь 2005-2009 онд далай аварга цолтой, 2009 оноос хойш даян аварга цолтой явлаа. Түүнийг хэлмэгдсэн гэх хаашаа юм бэ, хэлмэгдээгүй гэхээр бас учир дутагдалтай ч юм шиг. Хэлмэгдүүлжээ гэвэл буруутнаар нь дээр дурдсан 3 дархан аваргыг нэр цохож болохгүй байх. Буруутан нь дүрэм баталсан Цэцдийн зөвлөлийн 67 гишүүн бүгдээрээ болж таарна!
Б.ЕРЭНТЭЙ
“НЭЭЛТТЭЙ ХААЛГА” сонин