Монгол Улсад энэ сарын 6-7 –ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Франк Вальтер Штайнмайер, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Албан ёсны хэлэлцээ хийв
Хоёр орны сайд нар харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын тулгамдсан асуудлаар ярилцан санал солилцсоны зэрэгцээ өнөөдрийн хэлэлцээ харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд, амжилттай болж өндөрлөв. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол Улс Герман Улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, ашигт малтмал, худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг түлхүү хөгжүүлэх, зам тээвэр, дэд бүтэц, барилга, боловсролын салбарт германы стандартаар дамжуулан европын стандартыг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс 2015 онд Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ИТБ-2015”-д “Түнш орон”-оор оролцох тухай мэдэгдэж, Монгол, Германы хамтарсан томоохон төслүүд болох Германы дэвшилтэт технологийг ашиглан нүүрс шингэрүүлж, бензин гаргах үйлдвэр барих төсөл, Монгол, Германы хамтарсан технологийн дээд сургуулийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд Германы талын оролцоог нэмэгдүүлэх, албан паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх боломжийг эрэлхийлэн ажиллахыг хүссэн байна. Түүнчлэн НҮБ, түүний системийн байгууллага зэрэг олон улсын түвшинд цаашид бие биеэ дэмжин хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа хоёр тал харилцан мэдэгдлээ.
Түүнчлэн БХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Ф.В Штайнмайер ХБНГУ-ын Засгийн газар манай Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Үүний хариуд сайд Л.Болд талархал илэрхийлээд Монгол, Германы ард түмний уламжлалт, найрсаг харилцааны түүхийг баяжуулан, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, харилцааны түвшинг ахиулахад Эрхэмсэг сайдын айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.
Сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
Хоёр орны Гадаад харилцааны сайд нар ёслолын уулзалт болон албан ёсны хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр сайд Л.Болд “ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа төдийгүй тус улсын Гадаад хэргийн сайдын 18 жилийн дараа дахинд Монголд хийж буй айлчлал” гэдгийг тодотгоод хоёр орны харилцаа хоёр талын ашиг сонирхол, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан Иж бүрэн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг онцлов. Түүнчлэн монгол залуус Герман Улсад боловсрол эзэмшиж эхэлсэн 1926 оноос хойш өнөөг хүртэл олон арван монгол залуус тус оронд суралцан улс орныхоо хөгжилд, тэр дундаа Монгол, Германы харилцааг өнөөгийн түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэлээ.
Харин энэ удаагийн айлчлалаар яригдсан ашигт малтмалын салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд санал солилцсоныг сайд Л.Болд тодотгоод “Герман улс уул уурхайн түүхий эдийн хангамж, хараат байдлаа шийдвэрлэх ашиг сонирхолтой байгаа бол бид энэ салбарт Германы техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, суралцах замаар амжилтад хүрэх бололцоо бий” гэдгийг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцолсон юм. Мөн өнгөрсөн хорь гаруй жилд ХБНГУ манай улсад 750 гаруй тэрбум төгрөгийн хөгжлийн буцалтгүй тусламж үзүүлсний үрээр олон салбарт шинэчлэлийн бодлого хэрэгжин нүүр царайгаа өөрчилснийг дурдахгүй өнгөрч болохгүй гэв. Түүнчлэн Гадаад хэргийн сайд ноён Франк Вальтер Штайнмайер манай хоёр орны харилцаа ирэх 40 жилд өмнөхөөс илүүтэй хөгжих итгэл, найдвар дүүрэн байгаагаа илэрхийлж, хоёр орны хамтарсан Технологийн дээд сургуулиар дамжуулан уул уурхай, ашигт малтмалын салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, байгаль орны нөхөөн сэргээх чиглэлд мэргэжилтэн бэлтгэхэд анхаарна гэдгээ сэтгүүлчдэд онцолсон юм.
Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нарт тус тус бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Монгол Улсын Шадар сайд, Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагватай уулзан, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дугуй ширээний уулзалт зохион байгуулна.