Алтай хан хайрханы анхны төрийн их тайлгад зориулав

Хуучирсан мэдээ: 2014.07.06-нд нийтлэгдсэн

Алтай хан хайрханы анхны төрийн их тайлгад зориулав

 

АЛТАЙ ХАНЫ ТАВАН БОГД ХАЙРХАНЫ ТАХИЛГА

“Өглөөд униартаж л байдаг

Өдөр дунд суунаглаж л байдаг

Өнтэй хүдэр баяхан буурал

Алтай, Хангай хоёр минь

Дэлхий өргөн нуруунууд нь дүнхийлдэж байдаг

Дээвэр болсон хамрууд нь шунхийлдэж байдаг

Баяхан буурал Алтай, Хангай хоёр минь ээ…”

“…Ар биедээ болгоож явдаг

Арвин их буянаа хайрлаж явдаг

Өмнө биедээ өршөөж явдаг

Өргөн их буянаа хүртээж явдаг

Өвөр дээрээ үр л садаа тэвэрч явдаг

Өнтэй баяхан буурал

Алтай, Хангай хоёр минь ” /Алтайн магтаалаас/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Монгол төр ёсны эртний уламжлал, түмэн олны санал хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таван Богд уулыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан билээ. Тэрхүү зарлиг ёсоор2014 оны 7-р сарын 3-ндбуюу билгийн тооллын зуны дунд сарын шинийн 6-ны бэлгэт сайн өдөр Алтай ханы тэнгэрийг тайх төрийн их тахилга анх удаа болж, монгол түмэн маань сүслэн залбирчдаган баяслаа. Төрийн энэхүү их тахилгацаашид таван жилд нэг удаа болж, Алтайн эзэн Алиа хонгор хийгээд Цаст хайрханы эзэн цагаан өвгөнд алив бүхнээ даатган, аврал ивээлд нь багтаж, ач буяныг нь ард олон, айл хотлоороо хүртэх хувь бидэнд оногдож буйд сүсэлнэм.

Алтай хан хайрхан бол эртнээс нааш монгол нутгийн ноёлог тэргүүн, амин газар, алдартай чухал зангилаа нутаг байсаар ирсэн түүхтэй. Алтай нутаг нэг талаар байгалийн үзэмж төгс бүрдсэн, өн шимлэг, өвс, ус тэгш, ан гөрөөс элбэг, ашигт малтмалаар баялаг, нөмөр нөөлөг ихтэй газар орон байсан тул хэзээнээсээ хүн, малын тансаг өлгий, сүсэглэн залбирсаар ирсэн шүтээн нутаг-тэнгэрийн орон байв. Нөгөө талаар, Алтайн нуруу нь үеийн үед монголчуудын халуун аминд түшээ болж, халдах дайсанд хаалт халхавч болсон, улс төр-цэрэг стратегийн чухал ач холбогдолтой бүс нутаг байсаар ирсэн билээ. Алтай таван богдын суга, хормой, судаг нуга, түүнээс эх авсан голуудын саваар палеолит буюу хуучин чулуун зэвсэгийн үеэс эртний хүмүүс оршин аж төрж ирснийг батлах чулуун зэвсэг, булш хиргисүүр, буган хөшөө, хүн чулуу, тахилга тайлгын дурсгалууд, хадны зураг, эртний бичгийн дурсгалууд нэн арвин билээ. Монгол нутагт оршин тогтнож асан бүхий л төрт улсуудын хувьд Алтай-газар нутгийнх нь маш чухал ач холбогдолтой нэгэн хэсэг байж ирсний дээр түүнийг мэдэлдээ оруулахын төлөө тэмцэл өрнөсөөр ирсэн байдаг.Түүхийн зарим үед нутаг дэвсгэрийн хилийн зааг, цагдуул харуулын үүргийг ч давхар гүйцэтгэж явсан нь бий. Алтай таван богдын онгон дагшин нутаг нь угтаа Алтайн Урианхайн 7 хошууны уугуул нутаг болох бөгөөд түүхэн сурвалжид тэмдэглэснээр Алтайн 12 сүвийг Урианхай нар үе улиран сахин суусаар ирсэн ажээ. Тиймээс ч тэд "уулын овоо, талын хөшөө болсон" Урианхайчууд хэмээгдэн судар шаштирт алдаршиж, улс орныхоо хил хязгаарыг хамгаалан цас Алтайгаараа овоглон нутагласаар ирсэн түүхтэй. Үүнийг Манж сурвалжид буй нэгэн мэдээнд: "Зүүнгар дэмийхүү Урианхайг хашаа, түшээ болгоход эрэмшижүхүй" хэмээн цохон зааснаас тод харж болох бөгөөд тэр цагт баруун монголын Захчин, Урианхай зэрэг аймгууд Алтайн ар, өвөр биеэр нутаглаж, улсынхаа зүүн хилийг сахин хамгаалах үүрэг хүлээж байсан билээ.

Алтайн уулс түүхийн бүхий л үеийн турш монгол нутгийн өр зүрх болон оршиж, халил мөнгөн дуулга, хадат шовх уулсаараа харийн халдлага өнгөлзлөгт хаалт бамбай болон зогсож, Алтай нутгийн зон олон энэ их хайрханаа дээдлэн шүтэж, гарц сүвийг нь сахин хамгаалж, ариун дагшин хэвээр нь өнөө бидний үеийг хүргэж ирсэн бахдам түүхийг туулсан юм.

Монголчууд Алтай ханаа аугаа тэнгэрийн орон хэмээн сүслэн залбирч, түүнээс аврал энэрэл хүсэн, аливаа бүхнээ даатган тахин шүтсээр ирсэн ажгуу.Алтай ханы тэрхүү уламжлалт тахилгын үед Алтайн эзэнд дээж болгож, шинэ төхөөрсөн хонины өвчүү, баруун хааны 4 өндөр хавирга, богино хавирга, мөн баруун гуяны борви, тойны яс махыг өвчүүнд ороон, арц тос нэмж, гол овоонытавцанд тахилын галд өргөн, уул ус баясган овооны бургасанд зурам /хадаг/ уяж, Алтайн 13 сан тавьж, бусад идээ цагаагаар сацал өргөн нарийн ёслол үйлддэг байв. Алтайг тахихдаа “Алтайн сан” хэмээх тахилга, тарнийн ерөөл уншиж, тэнгэрийн хүлэг хөх бор морь сэтэрлэн, тэнгэрт сум илгээх зэрэг ёсыг мөн гүйцэтгэнэ. Нутгийн монголчуудын үзлээр Алтайд арван гурван цаст цагаан оргил байдаг бөгөөд тиймээс ноён оргилын том овооноос дөрвөн зүгт сацруулан гурав, гурван бага овоо байгуулж, нийтдээ “Алтайн 13 овоо” үүсгэн Алтайн уулсаа бүхэлд нь тахиж байгаагаа бэлгэддэг байна. Түүнээс гадна гол овооноос урагш, наран мандах зүгт зайдуудуу төрийн сангийн овоо гэх нэгэн овоог тусгайлан босгож, тахилгын үеэр мөн сан тавьж сүслэн залбирдаг нь монголчуудын төр ёсоо үргэлж дээдлэн хүндэлдэгийн илэрхийлэл болно. 

“Алтай ханы сан оршвой” хэмээх XYII зууны үеийн тод үсгийнтахилгын сударт тэмдэглэснээр,монголчууд “Гайхамшигтай тэнгэр орон, тэргүүтэн хан Алтай”-даа… юу хүссэнээ даатгаж, 13 Алтайгаа аргадан тахил өргөж,

“Дөрвөн зүгт хотол төгс болгон соёрхож..,

Цаг үргэлжидюу санасныг бүтээж..,

Ертөнцийн харанхуйг арилгагч

Наран сараны хишгийг

Өлзийт орон энд өг

Араасаа түшүүлэн

Өмнөөсөө гэгээрүүлэн

Цааш явахад үдэж

Нааш ирэхэд угтан

Шөнө гурван удаа цагдан

Өдөр гурван удаа харуучлан үйлд

Өвчин ад их гай зэтгэр бүгдийг ариутгаад

Санасан хэргийг жавхлантай бүтээн үйлд…” гэх зэргээр хүсэн залбирдаг байжээ.

Олон зууныг дамжин Алтайн уулсаа түшин аж төрж, түүний ивээл хайрыг хүртэн ирсэн ус нутгийн эзэд-Урианхай, Захчин гээд бүхий л баруун монголчуудАлтай хан хайрханаа тахихдаа, тэнгэрийн хишиг, нар сарын хишиг, чандмань эрдэнийн хишиг, дайч тэнгэрийн хишиг, язгуур угсааны хишиг, хуяг мэсийн хишиг, унаа морины хишиг, ачлага малын хишиг, хүчит сайн нохойн хишиг,  ариун явдалт бэрийн хишиг, хотол төгс бурхны хишиг бүгдийг “Алтан шаргаан хөлөглөсөн Үрийн үргэлжид 25 настай, Алтайн эзэн Алиа хонгор сахиусан тэнгэр”-эзэн савдагаас хүсэн гуйж залбирсаар ирсэн байна.Тэхдээ тухайн цаг үеийн хийгээд нутаг орны алслагдмал нөхцөл байдал, байгаль цаг уур, зам харгуйн бартаа саад зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан баруун монголчууд тэр бүр нийтээрээ нэгдсэн их тахилга үйлдэх боломж хомс байсан тул өөр өөрсдийн нутаг орондоо 13 Алтайгаа төлөөлүүлэн уул овоогоо тахиж, ёслол хүндлэлээ үзүүлдэг байв. Үүнийг “Зүүнгарын тахилын бичиг”-ээс харж болох бөгөөд түүнд дурдсанаар тахилын сацал өргөхдөө, юун түрүүнд Алтай, Хангайгаас эхлээд бүх уул усны эздэд дээжээ өргөн тахиж буйгаа өчин аврал өршөөл хүсэн, “Алтай ханаа… тахимой цөөг… өшөөт дайсныг минь өсгийд минь оруулж, занасныг минь зуузайд минь оруулж хайрлагтун” гэх зэргээр өчдөг байжээ.

“Заяагч таван тэнгэр”-ийн сударт өгүүлж буйгаар хүний хувь заяаг түшсэн “Таван тэнгэр” байдаг билээ. Баруун монголчууд өглөө, оройд сүүн, цайныхаа дээжийг есөн нүдэт цацлаар эцэг тэнгэр, эх газар, уул усандаа өргөн залбирахдаа, “Алтай таван богд минь, цөөг хайрхан”, “Заяач таван хурмаст минь цөөг хайрхан”, “Баян Алтай минь цөөг хайрхан”, “Таван хурмасам цөөг хайрхан”гэх зэргээр шившин наминчилж хүсдэг. Энэ нь чухамдаа Алтайн таван их богд оргил бол таван хурмаст тэнгэрийн орон хэмээн итгэж, түүнд алив бүхнээ даатган залбирч байгаа хэрэг бөлгөө.Энэ дашрамд тэмдэглэхэд, Алтай таван богдын таван их оргил хайрханыг манай албан ном бичигт “таван хумс” оргил хэмээн бичдэг нь ташаа хэрэг бөгөөд энэ үг нь угтаа дээр дурдсанчлан ард олны олон зуун жилийн бишрэл хүндэтгэл нэвт шингэсэн “таван хурмаст” гэх үгээс үүдэлтэй нэрийдэл болно. Өөрөөр хэлбэл, ард олон эртнээс цаст Алтайн ноён оргилуудыг заяагч таван тэнгэрийн орон хэмээн үзэж, “таван хурмаст”,“таван богд” гэх угтаа нэг л утга бүхий нэрээр өргөмжлөн дуудаж ирсэн байна. Шашингүйн үзэл сурталноёлж асан нэгэн цагийн эрхээр “таван хурмаст” гэх эл нэр хожмоо “таван хумс” болж хувирсан мэт тул үүнийг цаашид залруулан хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй юм.

***

Эцэст нь энэ цагт анх удаа сэргээн хийж буй Алтай таван богдын төрийн их тахилгад бие сэтгэлээрээ даган баясч, өвөг дээдсийнхээ үеэс үед өвлүүлэн дамжуулж ирсэн Алтайн магтаалын хэсгээр түрлэг нэмэн, атаа таван тэнгэр, Алтайн эзэн сахиус төр улс, түмэн олныг маань үргэлжид ивээн тэтгэж явахын ерөөл залбирлаа хамтатган өргөе!

“Таван их талтай

Таван их сэрүүнтэй

Алтайн цастын цагаан уул нь

Суу биедээ суунаглаад

Суунаг татан дүнхийгээд

Солонго үүсгэн цэнхэртээд байдаг

түүхтэй билээл оо

Энэ л их суумал, төрмөл

Арван гурван цастай цагаан уулы

Замба тивийн өрийг өрлөж

Заадаст тэнгэрийн одоор туучиж

Алтан шархал говиор хөвөөлж

Арцат ногоон хангайгаар хүрээлүүлж

Арвин цагаан хөдөөгөөр уужирч

Амаржингийн дүрээр замилдаг

                        түүхтэй билээл оо…

Таван тэнгэрийн татлагатай

Тайван амгалан төрхтэй

Эцэг тэнгэрийн үүсвэртэй

Эх савын шимтэй

Тэнгэр элчийн түшигтэй

Тэрсүүд зэтгэрийн даруулгатай

Ерөн есөн тэнгэрийн өмөгтэй

Идэр хорин таван насны дүртэй

Олон нүүдлийн газраас тодордог

Онгон цагаан Алтай минь…” (Алтайн Урианхайн нэртэй туульч Мэнгэт гуайн хайлсан Алтайн магтаалын нэгэн хувилбараас)хамаг монголчууд биднийгээ үеийн үед, үрийн үрд аврал ивээлдээ багтаан соёрхоо. Хурай, хурай, хурай.

 

Ц.ГАНТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж