Дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ баг Бельгийг 1:0-ийн харьцаатай хожиж, 2014 оны ДАШТ-ий шөвгийн дөрөвт шалгарлаа. Хожлын гоолыг тоглолтын найм дахь минутад Аргентины шигшээ багийн довтлогч Гонсало Игуаин оруулсан юм. Тоглолтын найм дахь минутад Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч Анхель Ди Мариягийн дамжуулсан бөмбөг Бельгийн хамгаалагчийн хөлд ойн, Гонсало Игуаинд ирсэн. Энэхүү бөмбөгийг Гонсало Игуаин дагуулж гуядан, Бельгийн шигшээ багийн хаалганд гоол орууллаа. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор ч гоолын эзэн Гонсало Игуаин тодорсон.
Бельгийг хожсон Аргентины шигшээ 24 жилийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарч байгаа юм. Аргентины шигшээ 1990 оны ДАШТ-ээс хойш шөвгийн наймын шатанд хожигдсон “хар цувралаа” ийнхүү төгсгөлөө.
Энэ тоглолтын үеэр Аргентины шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Анхель Ди Мария гэмтлээ. Анхель Ди Мариа шөвгийн наймын шатанд гоол оруулж, шигшээ багаа хожилд хөтөлсөн юм. Анхель Ди Мариагийн гэмтлийн талаарх мэдээлэл гараагүй байна.
Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг 25 дараалан хожигдоогүй гэсэн гайхамшигтай амжилтыг эзэд боллоо. Харин хаалгач Тибо Куртуатай Бельгийн шигшээ баг 21 дараалан хожигдоогүй гэсэн амжилт зогслоо. Бельгийн шигшээ Тибо Куртуатай 22 дахь тоглолтдоо ДАШТ-ий шөвгийн дөрвийн төлөө Аргентинд хожигдлоо. Мөн энэ цагийн үеийн хамгийн шилдэг довтлогч Лионель Месси Тибо Куртуагийн хаалганд гоол оруулж чаддаггүй цувралаа 2014 оны ДАШТ-ий шөвгийн дөрвийн төлөөх тоглолтод үргэлжлүүллээ. Аргентин болон Бельгийн тоглолтын 90+3 дахь минутад Лионель Месси хаалгач Тибо Куртуагийн эсрэг ганцаар гарсан ч гоол оруулж чадсангүй.
Б.БИЛЭГ