Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран "Чингис хаан" гранпри тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Чингис хаан" гранпри тэмцээн "Буянт-Ухаа" спортын цогцолборт болж байна. Тус тэмцээн олимпийн эрхийн оноо олгож байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд буюу эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60,66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.
Эхний өдөр Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж, багийн дүнгээр тэргүүлж эхэллээ. Японы баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, БНХАУ-ын баг нэг алт, нэг хүрэл, Канадын баг нэг алтан медаль, БНСУ, Бразил, Германы баг тус бүр нэг мөнгөн медаль авлаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ Г.Болдбаатар нар алтан медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн юм.
Энэ удаагийн гранпри тэмцээнд 2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин -100кг Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов 90кг, Канад Улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Антоун Валиус 81кг, Узбейкстан Улсын тамирчин Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Абдул Тангерейв +100кг, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Ришод Собиров 66кг, БНСУ-ын тамирчин Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Ван Ки Жун 81 кг, Унгар улсын тамирчин Олимпийн мөнгө, ДАШТ-ний 3 хүрэл медальт Миклос Унгвари, БНАСАУ-ын тамирчин Дэлхийн аварга Кион Сол 78кг, Герман улсын тамирчин Лондонгийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Димитри Петерс -100кг, Чех Улсын тамирчин Дэлхий аваргын хошой хүрэл медальт Лукас Крпалик тэргүүтэй дэлхийд данстай бөхчүүд өрсөлдөж буй.
Өнөөдөр хүнд жингийн, маргааш багийн төрлийн аваргууд тодрох юм. Тэмцээн "Буянт-Ухаа" спортын цогцолборт болж байна.