Нүүрс тээвэрлэх хоригийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэх хоригийг цуцаллаа

Тавантолгойн шороон замаар нүүрс тээвэрлэх хоригийг цуцаллаа

Тавантолгой, Ухаахудагийн уурхайгаас Цагаан хад хүртэлх шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Авто тээврийн газраас гаргасан билээ. Хатуу хучилттай зам барьж дуустал тээвэрлэлтийг хориглосноор “Тавантолгой” хувьцаат компани болон “Энержи Ресурс” компанийн нүүрсний тээвэрлэлт зогсоод байсан юм.

Энэхүү түр хугацааны хориг тавдугаар сарын 14-нд цуцлагджээ. “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation” /MMC/ тавдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд тухайн хэсгийн шороон замыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт дор засч сайжруулсан байна. Зам засварын ажлыг МХЕГ болон Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газрын төлөөлөл оролцсон комисс тавдугаар сарын 6-13-ны хооронд шалгажээ.

Шалгалтын комисс тээвэрлэлтийн замын нөхцөл харьцангуй сайжирсан гэж дүгнээд тавдугаар сарын 14-нд  “MMC”-д Тавантолгойгоос Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэх эрхийг нь эргүүлэн олгосон талаар ММС цахим сайтдаа мэдээлжээ. МХЕГ-аас мэдээллийг тодруулахад, Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх замыг нээсэн гэлээ. Нүүрс тээвэрлэлтийн хориг цуцлагдсанаар Тавантолгой болон Ухаахудагийн уурхайгаас сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байна. “MMC” хатуу хучилттай замыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэхээр болж байгаа юм байна.


Б.Төгсбилэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж