“Аякс” Голландын лигийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

“Аякс” Голландын лигийн аварга боллоо

Голландын хөлбөмбөгийн лигийн сүүлийн тойргийн тоглолтод “Аякс” хүснэгтийг тэргүүлж байсан “Твенте”-г буулган авснаар долоон жилийн дараа аваргын цом хүртлээ. Өнгөрсөн шөнө нийслэл Амстердам хотноо болсон лигийн ялагчийг тодруулах шийдвэрлэх тоглолтод талбайн эзэн “Аякс” 3:1 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар дасгалжуулагч Фрэнк дэ Буртэд 41 насных нь төрсөн өдрөөр төгс бэлэг барьсан юм. Лигийн тэргүүн байрт бичигдээд байсан “Твенте”-гээс ердөө ганцхан оноо дутуу байсан “Аякс” ийнхүү сүүлийн тойрогт гол өрсөлдөгчөө хожсоноор түүхэндээ 30 дахь удаагаа Эрэдивизигийн аваргын цом хүртэж байна. Тоглолтын дараа де Бур “Үүнээс илүү гайхалтай төрсөн өдрийн бэлэг гэж юу байх билээ. Гэхдээ надаас илүүтэй хөгжөөн дэмжигчдэд маань сайхан байгаа байх. Тэд шинэ аварга төрөхийг удаан хүлээсэн. Харин бид чадлаа. Манай багийн дийлэнх тоглогчид ердөө 19, 20 настай залуус байгаа. Хэдхэн долоо хоногийн өмнө биднийг аваргын өрсөлдөөнөөс хасагдсан гэж ярьж байсан. Гэтэл бид түрүүлчихлээ. Бахархаж байна” хэмээн ярьжээ.

“Аякс” ийнхүү ирэх улирлын Аваргуудын лигт хэсгийн шатанд өрсөлдөх эрхээ авсан бол “Твенте” сонгон шалгаруулалтын гуравдугаар шатнаас оролцох болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж