“Чонон сүлд” ба Хятадын үндэсний үзлийн тухай

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

“Чонон сүлд” ба Хятадын үндэсний үзлийн тухай

“Сайн роман номын баатрын үнэн түүхийг өгүүлнэ.

Муу роман номын зохиогчийн үнэн санааг илтгэнэ”

 

“Уран зохиол бол үзэл суртлын гоёмсог үргэлжлэл”

 

Хэлц үгс

Хятадын зохиолч Зян Руны бичсэн “Чонон сүлд” роман Англи, Франц, Герман, Япон, Итали, Испани зэрэг 30 гаруй орны хэл дээр хэвлэгдэн тарсны дараа Дэлхийн банкны санхүүжилтээр кирилл үсгээр монголчлогдон бидний монголчуудын хүртээл болсон билээ. Уран сайхны дүрслэл, бичлэгээрээ хятад зохиолчийг магтмаар. Тэгээд ч номыг дэлхийн олон хүн сонирхон хүлээж авсныг зохиолчийн чадал чансаатай холбож ойлгож болно.

Англи хэл дээр уг номын нэр нь “Wolf totem” хэмээнэ. Хятад хэл дээр ч мөн л ийм утгатай аж. “Totem” гэдэг үгийн утга нь овог, бүлэг хүмүүс, өрх айлын “өвөг дээдэс” гэсэн утгатай, бас ч үгүй сүсэг бишрэлтэй холбоотой. “Totem”-ын  гарал нь Хойт америкийн Ожиб  хэмээх уугуул иргэдийн хэл дээрх Оодем буюу бүлэглэсэн хүмүүс гэсэн үгийн англи хэлнээ хувирсан дуудлага аж. Гэсэн хэдий ч “Totem” маягийн сүсэг бишрэл Африк, Ази, Австрали, Европ болон Хойт мөсөн далайн ард түмнийг оролцуулаад дэлхийн ихэнх ард түмний түүхэнд байдаг.

Орчин үед, ялангуяа 20 дугаар зууны сүүлчээр  “Totem”  хэмээх нэр томьёог сүсэг бишрэлээс нь салгасан хэлбэрээр Өрнөдийн “Шинэ эрин” гэх мэт далдын хүчинд итгэгчдийн хөдөлгөөн өргөнөөр хэрэглэж байгаа бөгөөд ингэснээрээ ертөнцийг тольдох шинжлэх ухааны болон далд ухамсрын хольц бүхий шинжлэх ухаан, хуурамч шинжлэх ухааны холимог үзэл суртлыг бий болгох гэж оролдож буй юм. Орчин үеийн шинжлэх ухаан үүнийг үгүйсгэж байгаа билээ.

Бонны их сургуулийн Ази, дорно судлалын институтийн эрдэмтэн, нэртэй хятад судлаач Вольфганг Кубин орчин үеийн хятадын уран зохиолуудын ихэнхийг түүний дотор Вэй Хуйгийн бичсэн “Шанхайн бэби” зохиолыг “хогийн бүтээл” гэж хамгийн хатуу үгээр цоллоод мөн “Чонон сүлд” романыг “фашист”, Германд “Хятадын нэр нүүрийг барсан ном” хэмээснийг энд хэлсү.

“Totem” хэмээх үгийг “Сүлд” хэмээн монголчилсон нь монгол орчуулагчдын уран сайхны хэтрүүлэг бөгөөд хятад зохиолчийн хэтрүүлгийг монгол орчуулагчийн дэврүүн сэтгэлээр чимэглэснээрээ энэхүү номын нэр үзэл суртлын алдаатай болсон байна.

Монголчууд хэрвээ чоныг сүлдээ болгох ахул Монголчуудын дотроо болгоодог “морь” хаачив аа? Төрийнхөө сүлдэнд одоо ч залж яваа монгол морийг яах вэ? Мянган агтны сүүлээр хийсэн Монгол төрийн 9 хөлт цагаан туг, их цэргийн хар сүлдээ яах билээ? Америкийн нэгэн зохиолч наадмын хурдан морины уралдааныг үзэнгээ барианд түрүүлж орох зорилгодоо үнэнчээр зүтгэсээр бахардан унаж байгаа монгол морьд шиг морь дэлхийн хаана ч олдохгүй хэмээгээд, өөрийн өвдөлтийг үл харгалзан мориныхоо толгойг тэврэн цурхиран уйлах монгол хүүхдийн дүр зургаас монгол хүний мөн чанарыг олж харсан тухай тэмдэглэсэн нь харин ч гярхай ажиглалт байсан санагдаад байгаа юм.

Монголчууд өөрсдийгөө дээд тэнгэрээс гаралтай бөрт чоно, гуа маралаас үүсэлтэйгээ мэднэ. Тэдгээрийн дундаас “Хижи гөрөөс” бий болсон байж магад. “Хижи гөрөөс”-өөс “хүн” бий болж улмаар иргэншсэн орчин үеийн “хүн” болтлоо түүхийн их л урт замыг туулсан гэдгийг монголчуудын ам дамжин бидэнд өвлүүлсэн туулиас мэдэж болно. Энд Толуйн хатан Сорхогтани бэкүни сэцэний туурвисан айлдвараас иш татья:

Хүн

Оул биетэй хижи гөрөөсний амь зуулга нь

Олзондоо ханаж цэлмэг өдөр болох мэт байдлыг хүн гэмү

            Хүн төлөв бол хижи гөрөөсний дээрдлийн үе боловч

            Элдэв хар тахалд нэрвэгдэж үй олноор үхэж

            Элс цастай шуурганд хөөгдөж сүйрч

            Амь зуух гэж явсаар амин алдаж халширч

            Адаг сүүлд нь зөвхөн идэхийг зорилго болгосон үе юм

            Гэдэс цадахад зорилго нь биелчихдэг хүн

            Гэгээрлийг сонгоход амин хүчин дэндүү хомсдож

            Үхэгсэдтэйгээ атаархталаа сульдсан үе нь хүн юмаа

Хижи гөрөөс хүн болж тэр нь “Хүн” хэмээх орчин цагийн иргэншсэн хүн бий болох урт удаан түүхийг уг айлдварт хэлэхдээ:

            Хижи гөрөөсний түүх

            Буман настай Бу-ул гүн эмгэн нэртэй

            Бух авиртай хижи гөрөөс Бух тарамд байжээ

            Бүгдийг шийдэгч эмгэнээс Бух хөгэнхүн салжээ

Бусдад гай таригч бух хөгэхүнээс буханчир салжээ

Буханчир хөгүнээс Боданчир хөгэхүн салжээ

Боданчир хөгэхүнээс Боданда чуэр салжээ

Боданда чу эр дэлтэй гөрөөс цаламдаж

Буман жилийн хүслэнг биелүүлж ноён болжээ

Дөрвөн түмэн насалсан морьтонгууд дөрвөн ухамсрыг олжээ хэмээжээ. (Хөх Моногоуулыг ний хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд аялгуу. Арван тав дахь үеийн өртөөлөн дамжуулагч Хөх Нохой овогт журнайн Нүрзэд. Улаанбаатар хот, 2008)

            Нэгэнт л хүмүүний амьдралыг мянган жилээр хэмжихгүйгээс хойш Бу-ул эмгэнээр эх төвтэй нийгэм ёсыг төлөөлүүлэн, эх төвтэй нийгэм  ёс нь эцэг төвтэй нийгэм ёсоор солигдох хүртэл мянган жилийг ардаа орхиж “дэлтэй гөрөөс” буюу морийг гаршуулснаар иргэншлийн суурь тавигдаж, дөчин мянган жил насалсан нүүдэлчдээс Монгол иргэншил төлөвшин бий болсон тухай тун товч мэргэн хэлсэн байдаг.

Сорхагтани бэкүни сэцэний айлдвар нь Их Монгол улс байгуулагдсаны дараахь нүүдэлчдийн иргэншсэн төлөв байдлыг дүрсэлснээрээ өнөөдөр асар ач холбогдолтой судалгааны бүтээл юм. Толуйн хатан Сорхогтани бэкүни сэцэний туурвисан айлдварыг ам дамжуулан өнөөгийн монголчуудад хүргэсэн монгол ухаанд бишрэмү. Уг айлдварыг худал гэж хэлэх хүн-гөрөөс захаас авхуулаад бий гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гэвч өнгөрөгч 2010 оны сүүлчээр ертөнцийн шинжлэх ухаанд нэгэн том нээлт болсон нь Алтайн нурууны агуйгаас олдсон бяцхан хүүхдийн хурууны ясанд хийсэн генийн шинжилгээгээр хүн хэмээх амьтны цоо шинэ төрөл болохыг тогтоосон явдал. Гэтэл энэхүү шинжлэх ухааны нээлтээс хавьгүй өмнө дээрх айлдварт юу ярьсан нь сонирхол өөрийн эрхгүй татна. Айлдварт:

 

            Амь үүссэн газар

            Сийгэн жил Чингис хаан Бух тарамд өвөлжив

            Алтай Тоулын орон Хасхах Ёл ууланд

            Амь үүссэн гэх домогтой нэгэн хавцалд нутаглав

            Хааны ордсоос өгсөхөд хавцал улам нарийсна

Ханан хадны энгэрээр хоёр жим зурайна

Янгир сүрддэг энэ ууланд цаглашгүй насанд

Хасхах Ёлын оройд Кок су од жүй нууранд

Анхны амь үүссэн гэх байгалийн энэ бүрдэнд

Чингис хаан Толуй хажир бид гурав

Дээд жимээр өгсөж сүмэр оргилд гарав

Сүмэр оргилыг даваад уулын хяр дээр гарч

Цэцэг өвс налсан цэлгэр талд очлоо

Цэнхэр нуурын хөвөөгөөр нарийн жимээр алхлаа

Тоул Алтайн эзэн Тоулчу мөргүнийд зочиллоо

Тусдаа гэр бариулж таван хоног айлчиллаа

Энэ бол 1225 оны үед болсон үйл явдлыг өгүүлж байна.

Алтайн ууланд хүн хэмээх амьтны цоо шинэ төрөл байсан тухай орчин үеийн шинжлэх ухааны нээлт нь монголчуудын амаас ам дамжуулан өртөөлсөн Сорхонтани хатны айлдварт гарч буй “амь үүссэн газар” гэдгийг нотлохын дээдээр нотлох шиг боллоо.

Сорхогтани хатны айлдварт орчин цагийн шинжлэх ухааны хэлээр яриваас Монгол хэмээх иргэншлийг гайхамшигтай тодорхойлсон хийгээд өнөөдрийн монголчууд энэ талаар бүдэг бадаг байна. Монгол иргэншил байсан эсэх асуудал нь эцэстээ монгол үндэстний  оршихуйн  асуудлыг хөндөнө. Учир нь аливаа төрийг хүчээр, заль мэхээр мөхөөж болдог. Үүний тулд нэг хоёр зуун жил шаардагдана. Тэгвэл бие даасан иргэншлийг арчиж устгахын тулд мянга мянган жил хэрэгтэй болно.

Монголчууд орчин цагийн шинжлэх ухааны ойлголтоор яавч “зэрлэгүүд” биш “иргэншил” байжээ. Үүнийг ахин дахин ухаж ойлгох явдал монголчууд өөрсдийгөө бусдын үзэл суртлын халдлагаас хамгаалах гол асуудал мөн.

Хятадын  зохиолч Зян Рун номынхоо монгол орчуулгын өмнөх үгэндээ:  “Чонон сүлд” болбоос уран зохиолын бүтээл болохоос биш, амьтан судлалын сурах бичиг биш юм шүү гэдгийг тайлбарлан хэлэхийг хүсэж байна. Энэ зохиолд би Шилийн голын талд удаан хугацаанд амьдрахдаа өөрийн биеэр үзэж туулсан бүхнийг багтаан, хожим нь бодит баримт дээр тулгуурлан боловсруулалт хийсэн болно” гэжээ. Бодит баримт гэдэг нь хятадын түүхэн сурвалж бичгүүд бололтой юм.

            Номонд буй түүхэн гээд байгаа сурвалж бичгүүдийн зарим ишлэлийг авч үзье.

“Хүннүгийн хаан туйлын үзэсгэлэн гоо хоёр охинтой байсныг ард иргэд бүгдээр сахиус мэт дээдлэн хүндэлдэг байжээ. Хүннүгийн хаан “Ийм сайхан охидыг тэнгэрт өргөхөөс биш, ямар хувьтай хүний үрд өгөлтэй билээ. Тэнгэр зоргоор таалнам буй за” хэмээн өгүүлээд, улсынхаа хойд хязгаарт тахилын өндөр тавцан байгуулж, охидоо түүн дээр орхисон ажээ……..дүү нь…. Чонын гэргий болоод, үр хүүхэд гарган үржиж олширсоор улс гүрний хэмжээнд хүрчээ. Тиймийн учир тэр улсын хүн ардын дуу чоно улих мэт болсон ажгуу.” (“Вэй улсын бичиг” Ру Ру Гао Чө нарын шастираас)

Түрэг хэмээгч нь Хүннүгийн нэг салаа болой.Ашина овогтон хэмээгдэж тусгай аймаг болон явсаар хожим хөрш улсдаа бут цохигдон устав. Тэр аймгаас арван настай нэгэн жаалхүү үлдэж хоцросныг цэргүүд алж түвдэлгүй хөлийг нь тайраад намагт хаясныг өлөгчин чоно олж тэжээжээ. Өсөж торнисон хойно чоно лугаа нөхцөөд, жирэмслүүлжээ. Ван нь тэр хөвгүүний амьд гэдгийг дуулаад хүн явуулан алуулав.  Элч түүний цогцсын хажууд нэг чоно байхыг үзээд, алахаар завдтал чоно ухасхийн Гао Чан улсын умард зүгийн нэгэн уулнаа дутаан очив гэнэ. Тэр ууланд нэгэн агуй байжээ… Чоно тэр агуйднуугдаад арван хөвүүн төрүүлсэн ажээ. Арван хөвүүн өсөж торниод, эхнэр авч, олон хүүхэд төрүүлэн тус бүр нэгэн овогтон болов. Ашина хэмээгч тэдний нэг буюу. (Жоу улсын бичиг Түрэг”)

“… Ийн өгүүлэх нь этгээд мэт боловч явж явж чонын үрс гэдгийг батлах болой. (Жоу улсын бичиг Түрэг”)

“Зүүн Хань улсын Мин Ди хааны үед…. зуун гуч гаруй түмэн өрх, зургаан зуу гаруй түмэн иргэн сайн дураараа харьяат нь болцгоожээ… Тэд гурван бүлэгт шүлэг зохион Хань улсын хаанд өргөвэй… Тэдгээрийг нийлүүлээд “Цагаан чонын ван… журам дор эедэвэй” хэмээх санааг өгүүлсэн болой (Жан Чуань Си “Хятадын эртний түүхийн товч”)

“Чархай Линху ахыгаа үхсэн хойно бэргэнээ буулган аваад хоёр хөвүүн төрүүлсний нэгийг Дэлт чоно, нөгөөг нь Өлөгчин чоно хэмээн нэрлэсэн ажгуу. Судрын чуулган номонд энэ хоёр нэрийн утгыг эрэгчин чоно, эмэгчин чоно хэмээн тайлсан нь буй.Чонос овог энэ хоёр хөвгүүний хойч болой. Чоносын “с” нь олон тоо бөгөөд чонын бүлэгтэн гэсэн санаа юм. (Хань Ру Линь “Чингис хааны арван гурван жигүүрийн магадлал)

“Сүй Тан улсын үе шар мөрний сав газраар суурьшан амьдарч байсан Хань үндэстэн нь үнэн хэрэгтээ арван зургаан улс болон баруун умард зүгийн хоцрогдсон бүдүүлэг үндэстнүүд уусан холилдсноос буй болсон юм” (Фань Вэнь Лань “Хятадын нэвтэрхий түүх”)

“Чонон сүлд” номд орсон бодит баримт гэдгийн ишлэлүүд нь уг номын улаан шугамыг тодорхойлоод байгаа нь харагдаж байна. Хятадын түүхэнд монголчуудыг “умардын зэрлэгүүд” гэж дүрслэх нь энүүхэнд. Зэрлэгүүдийг зэрлэг гэж хүн арддаа ойлгуулах хамгийн үр дүнтэй арга бол тэднийг чонотой адилтгах явдал юм. Энэ бол зөвхөн Хятад бус мөн барууны сэтгэлгээнд бий болсон зүйрлэл юм. Зэрлэгүүд үнэхээр зэрлэг нь үнэн юм бол тэд хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт хаяа дэрлэг иргэншилд уусаж алга болох ёстой нь бараг л түүхийн зүй тогтол гэхэд хилсдэхгүй.

Зян Рун номондоо “…Чоныг хорвоогийн хамгийн ховдог шунахай амьтан гэлцдэг … нүүдэлчин үндэстэн чонон сүлдийг дээдэлдэг болохыг олж мэдсэн юм” гээд номын гол баатар Билэгт өвгөний амаар “… Танай хятадууд өвс идсээр байгаад хонь шиг болсон улс. Харин манай монголчууд мах иддэг чоно л гэсэн үг” хэмээн хэлүүлсэн байдаг. Иргэншсэн монгол хүний амнаас унах үг биш билээ.

 

Хонь ба чоно

Зян Рун өөрийнхөө номыг “амьтан судлалын сурах бичиг” биш шүү хэмээсэн билээ. “Чонон сүлд” ном монголчуудын тухай, хятад хүний үүднээс “умардын зэрлэгүүд”-ийн тухай ном юм. Энэ номын зохиогч  хятадуудын монголчуудад хандаж ирсэн хуучинсаг  хандлагыг шинэ хэлбэр маягаар илэрхийлжээ. Гэхдээ хятадад хамгийн их эрэлттэй ном болсны утга учир нь тэдний сэтгэлд нийцснийх. Яагаад тэргүүний хөгжилтэй орнуудын хэл дээр орчуулагдан хэвлэгдэх болсон хийгээд тэд ямарваа нэг хэмжээгээр сонирхох болсны учрыг тайлахын тулд Хонь, чононы тухай ярих шаардлагатай болж байна. Гэхдээ амьтан судлал талаас нь бишээ.

Хонь чоно гэдэг хослол үгийг өөр хоорондоо таарахгүй, бие биедээ тохирохгүй гэдэг утгаар монголчууд хэрэглэдэг. Энэ утгаар өөр бусад ард түмэн хэрэглэддэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин Хонь, Чоно зүйрлэлийг түүхийн үйл явдал, иргэншил, ард түмний харилцааны асуудалд хэрэглэвэл буруу болно гэдэг нь ойлгомжтой юм.

Чоноос өөрийгөө эхтэй гэж хэлэх ард түмэн ганцхан монголчууд биш юм. Тухайлбал, Ромын домогт Ромыг үндэслэгч Ромул, Рем ихрүүдийг эмэгчин чоно тэжээсэн тухай өгүүлдэг. Өөр зарим нэг иргэншилд чоныг бурханчлах явдал бий. Гэсэн хэдий ч орчин үед дэлхийн ихэнх хүмүүсийн хувьд чоно бол ховдог шунахай, цаддаггүй алуурчны билэгдэл болдог байна. Библийн номонд чонын тухай 13 удаа дурдах хэрнээ чоныг шунал, сүйрлийн билэг тэмдэг болгожээ. Бурхан чонод 1000 хониос нэгийг барьж идэхийг зөвшөөрсөн боловч тэр нь буруу ойлгож 1000 хонийг алж нэгийг идэх болсон тухай домог яриа нь чоныг тамдаггүй алуурчин гэдгийн билэг тэмдэг болгосны үр дүн юм. “Чоно ба улаан малгайт” хэмээх Европ ардын үлгэр 14 дүгээр зуунаас хүүхдийн хүмүүжилд хэрэглэгдсээр одоо мэдэхгүй хүн гэж дэлхийд байхгүй болсон байна. Үүнтэй нэгэн адил Хятадын дунд сургуулиудад “ноён Донгүо ба Чоно” гэсэн өгүүллэгийг заадаг. Тэр нь нэгэн буянтай ноён чонын аваас нэгэн чоныг аварсан тухай, тэрхүү чоно нь эргээд түүн рүү дайрсан тухай юм. Өгүүллэг нь хятад хүүхдүүдэд сайныг муугаас тод ялгаж сургахад зориулагдсан аж.

Гэхдээ хүн, чонын хооронд ижил төстэй юм байдаг аж. Одоогоос бараг хорин мянган жилийн өмнө сүүлчийн мөсдлөгийн дараа Европ, Ази, Арктикийн зах хязгааргүй нутагт хамгийн том хөхтөн бизоныг зөвхөн хоёрхон төрлийн амьтан агнаж чадаж байлаа. Тэд нь хүн болон чоно байсан юм. Тэдний нийтлэг зүйл нь хамтаараа бүлэглэж чаддаг, нэгэн удирдлагад ордог, үр удмаа хамгаалж хөндлөнгийн хэнийг ч хөөж чаддаг, бие биенээ хэл яриагүйгээр ойлгож чаддагт байсан юм.

Хүний хөгжлийн хижи гөрөөсний үед хүн, чоно өрсөлдөгч байсан болж таарч байгаа юм. Ан хийх үйл хэрэгт хижи гөрөөс, чоно бие биенээсээ суралцаж байсан нь тэдний хооронд хорших зам нээгдсэн байж болох. Тэрхүү хоршлоос бүх нохой бий болсон.

Тийм ч учраас эртний түүхтэй, эртний үүсэл гаралтай хүмүүний домог түүхэнд  чоно байх нь гарцаагүй юм. Чоно үнэндээ хижи гөрөөсний шүтээн байсан гэвэл их л ойлгомжтой болох юм.

Хонь бол хүмүүний гаршуулсан анхдагч амьтадын нэг бөгөөд одоогоос 9-11 мянган жилийн өмнө хамгийн анхны иргэншил Месопатамиад гаршуулсан гэж үздэг. Хонийг дэлхийн ихэнх оронд буянтай амьтан гэж үздэг.Тэр ч байтугай Мадагаскарт хонийг өвөг дээдэс маань хонь хэлбэрээр эргэж төрсөн гэж үзээд хонийг идшинд хэрэглэхийг цээрлэсээр байдаг байна. Дорнын ард түмэн Сарны тооллын 8 дахь жилийг хонин жил хэмээхийг бид мэднэ. Христийн болон Исламын шашинд хонийг ихэд билэгшээнэ. Абрам, Исаак, Давид болон зөнч мэргэн Мухамедийг хоньчин байсан гэх. Тэр ч байтугай эдгээр шашны хутагтууд өөрсдийгөө хонь байсан гэж нотолдог.

Монголчуудыг чоно мэтээр, хятадуудыг хонь мэтээр дүрслэх нь  дэлхийн ихэнх хүмүүст монголчууд бол зэрлэгүүд, хятадууд буянтай сайхан хүмүүс гэж зарлаж байгаатай агаар нэгэн юм. Зян Рун нээрээ ч “Чонон сүлд” романаа монголчуудад толилуулахдаа энэ бол “амьтан судлалын сурах бичиг” биш шүү гэсэн билээ.

Хятад улс хорьдугаар зууны сүүлчээр нээлттэй хаалганы бодлого явуулж, эдийн засаг, нийгмийн хөгжилдөө үсрэнгүй амжилт гаргасан билээ. Өнөөдөр хорин нэгдүгээр зуун Хятадын зуун болно гэдэгт эргэлзэх хүн тун цөөхөн. Хятад улс коммунист үзэл суртлаасаа алхам алхмаар холдох тутам үзэл суртлын тэрхүү шинэ орон зайг Хятадын орчин үеийн үндэсний үзэл эзэлсээр байгаа. Хятадын үндэсний үзэл хэрэг дээрээ амбиц ихтэй бодит үзэгдэл болсоор байгаа юм. Хятадын нийгэмд бодитойгоор орших үндэсний үзлийг Бээжингийн эрх баригчид болгоомжтой хэрнээ хөхүүлж байдаг. Тэрхүү үндэсний үзлийн амбиц хэрээс хэтэрвэл хөрш орнууддаа заналхийсэнтэй адил болно. “Чонон сүлд” роман Бээжингийн албан ёсны бодлого гэж хэлэхэд нотологоо дутах ч энэхүү ном Хятадын орчин үеийн үндэсний үзлийн хил хязгаарыг харуулж байгаа нэгэн баримт мөнөөс мөн юм.

            Хятадын Коммунист Нам үндэсний үзэл бүхий ном хэвлэлүүдийг сүүлийн үед өргөнөөр хэвлэж тараах ажлыг хөхүүлэн дэмжиж байна. Төрийн хэвлэх үйлдвэр нь  зөвхөн 2004-2006 оны хооронд “Чонон сүлд” романыг 900000 ширхэгээр хэвлүүлжээ. Сүүлийн үед “ХКН Хятадыг цөөнх үндэстнийг нутаг дэвсгэр, улс төр болон соёлын өөртөө засах тодорхой эрхтэй олон үндэстний улс гэж үзэх хандлагаасаа ухарч тэднийг Хятад үндэстнийг бүрдүүлэгч улс төрийн бус, нутаг дэвсгэрийн бус угсаатан хэмээн үзэх болсон. Энэхүү үндэсний үзэл нь Монгол болон бусад Хятад бус өмнө нь олон жилийн туршид Хятадын дайсан хэмээн үзэж байсан баатруудыг хятад хүн болгож авсан сонин маягийн олон ургальч соёлыг төрүүлж байна. Өнөөгийн хятадын мөргөлийн сүмд Чингис хаан тэргүүн баатар болж, харин Зүрчидтэй тэмцэж байсан жинхэнэ хятадын Сүн улсын баатар Юу Фэйг саяхан сурах бичгээс авчх аяжээ. Юу Фэйгийн Зүрчидийн эсрэг байр суурь харь орныг эзлэн түрэмгийлсэн төр “хятадынх”  байсан бөгөөд гагцхүү Хятадын газар нутгийг нэгтгэн өргөжүүлсэн хэмээх өнөөгийн үзэлтэй тохирохгүй болсон. Энэ утгаараа хятадын Юу Фэй баатар Хятадын Коммунист үзэл сурталд хамгийн тохиромжгүй хэт явцуу үндэсний үзэлтэн буюу салан тусгаарлагч болж харагдав. Харин Чингис хаан Хятадын төлөө (Монголын төлөө бус) Хятадыг нэгтгэгч болоод зогсохгүй өнөөгийн ойлголтоор Хятад улс болон Хятадуудаас анх удаа, магадгүй цорын ганц удаа үндэсний ялалт байгуулсан “Европынхныг дийлэгч цорын ганц хятад хүн мэт болж” тодорч байна.” (The Chinese Cult of Chinggis Khan: Genealogical Nationalism and Problems of National and Cultural Integrity (Statement for Discussion in Victoria, BC, Canada, October 3-5, 2003) Uradyn E. Bulag)

Хятад дэлхийн хэмжээний супер гүрэн болж байгаа хийгээд дотоод дахь асар их өөрчлөлт нь хятадын коммунистуудын 20 зууны эхэнд анхлан ярьж байсан харийнхнаас жийрхэж, тэднийг үзэн ядах хандлагад суурилсан “болхи” реваншист маягийн үндэсний үзэл нь илүү “прагматик үндэсний үзэл” шинжтэй болоход нөлөөлж байгаа юм. Өрнөдийн судлаачид орчин цагийн хятадын үндэсний үзлийг голчлон Тайван, Япон, Баруунынхантай сөргөлдөж байгаа өнцгөөр нь авч үзэх нь илүүтэй байдаг. Энэ ч бас Өрнөдийнхний   прагматик шинжээс улбаатай хэдий ч монголчууд энэ талаар өөрийн байр суурьгүй явдгийн хор юм. Хятадын “популист” үндэсний үзэл хятадын “төрийн үндэсний үзэл”-ээс ялгаатай боловч ялгаа нь арилахад нэг хуруу хөдлөх төдий. “Чонон сүлд” орчин цагийн хятадын “популист үндэсний үзэл”-ийн сор нь байж мэднээ.

2011 он бол монголчуудын хувьд түүхэн үйл явдлуудыг тэмдэглэх чухал он билээ. Тэдгээрийн дотор монголчууд Манж гүрнээс өөрийгөө тусгаарлаж төр улсаа сэргээн тунхагласны 100 жилийн ой тохиож байгаа юм. 1911 оны үйл явдлыг Их монгол улс байгуулагдаж байсантай зүйрлэж болохуйц ач холбогдолтой, түүхийн харанхуй бүдүүлэг үеийг даван туулах их өөрчлөлтийг авчирсан он цагийн тооллын эхлэл, орчин үеийн Монголын гарааны цэг юм. 1914 он гэхэд дээд, доод танхимтай хурал бий болж, 1915 он гэхэд “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль цаазын бичиг”-тэй болсон нь өнөөдрийн парламентаризмын эхлэл байлаа. Гайхамшигтай нь энэ бүгд монголчуудын зүрхний үзэл дээр соёолсон байдаг. Монгол үндэсний үзэл монголчуудын амь бөгөөд түүнийгээ бусдын ятгалга, сүрдүүлгэ, ухуулгад идүүлэхгүй байх нь энэ цагийн тулгамдсан асуудал болж байна.

Ерөнхий сайд асан хонь жилтэй Мэндсайханы ЭНХСАЙХАН

2011 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж