Тас шувуу охины үхлийг хүлээн хэдхэн алхмын зайд сууна. 1993 оны 3-р сард Өмнөд Африкийн баримтат гэрэл зурагчин Kevin Carter Суданы нэгэн тосгонд энэхүү сэтгэл өвтгөм зургийг авчээ.
Эцэг эх нь тусламжийн жаахан хүнс авахаар явахдаа хүүхдээ хэдхэн хором орхисон нь энэ. Гэтэл өлсгөлөн тас нисэн ирээд охины ард суув. Яг энэ үед тас, охин хоёртой таарсан Картер шувууг үргээчихгүйн тулд зөөлөн гишгэж, бараг арван метрийн зайнаас зургийг дарсан байна. Шувууг нисэхээс өмнө тэр хэд хэдэн кадр авч амжжээ.
1994 онд Картер “Тас, охин хоёр” нэртэй хиртхийм зургаараа Pulitzer-ийн шагнал хүртсэн ч харамсалтай нь тэр ондоо өөрийн амиа егүүтгэсэн юм.
Гэрэл зураг The New York Times-ийн 1993 оны 3-р сарын дугаарт нийтлэгдсэнээс эхлээд л Картер үй олон шүүмжлэл, асуултуудад булагдаж байлаа. Охинд тусалсан уу, тэр одоо амьд уу, түүнд юу тохиолдсон бэ гэх асуултууд байгаа онох эрчилсэн сум адил түүний алдар нэрийг нэвт сүлбэж байв. Гэрэл зураг авахын төлөө охиныг ашигласан хэмээн шүүмжилцгээнэ.
Үнэндээ Картерыг баримтад гэрэл зурагчнаар ажиллаж байхад өлсгөлөнд нэрвэгдэгсдэд бүү хүр, тэднээс янз бүрийн өвчин авах магадлал өндөр шүү хэмээн сануулдаг байв. Хүнс тараах төвд нэг цагт 20 хүн нас барах нь энүүхэнд учир охины байдал тийм ч онцгой зүйл биш байв. Картерт охинд тусалж чадах зүйл тэнд байгаагүй ч тэр болсон явалд харамсаж явдаг байжээ.
“Би сэтгэлийн гүн хямралд ороод байна… утасгүй… байрны мөнгөгүй… хүүхдүүдэд туслах мөнгөгүй… өрөө төлж чадахгүй… мөнгө!!! … Намайг өлсгөлөн эсвэл шархтсан хүүхдүүд, гохоо дарах гэж баярласан галзуучууд, цагдаа, зандалчдын үхдэл, хүүр, уур хилэн, өвдөлтийн… бодит дурсамжууд мөшгөн зовоож байна… Хэрэв надад аз дайрвал би Ken [өнгөрөөд удаагүй байсан түүний анд, Bang-Bang Club-ийн гэрэл зурагчин Ken Oosterbroek] рүү очно оо” хэмээн бичиж үлдээжээ.