Урьдчилсан сэргийлэх үзлэг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Урьдчилсан сэргийлэх үзлэг зохион байгуулав

Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн үүсгэн байгуулсан  “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сан ТББ, Хавдар судлалын үндэсний төв, КНАГ-ын эмч нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх  үзлэгийг өнгөрөгч бямба гаригт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв дээр тус дүүргийн 35-аас дээш насны 100 гаруй эмэгтэйчүүдийн дунд зохион байгууллаа.        

Хорт хавдрын өвчлөл, нас баралтын асуудал нь Монгол улсад төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг билээ.

Монгол улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж, жилдээ дунджаар 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Монголд зонхилон тохиолдох зургаан байрлалын хорт хавдарт элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү ба хөхний өмөн ордог бөгөөд эдгээр нь нийт хорт хавдрын өвчлөлийн 80 гаруй хувийг эзэлдэг. Өвчлөлийн байдал цаашид энэ хэвээр арван жил үргэлжлэхэд хавдрын өвчлөл, нас баралт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Умайн хүзүүний хорт хавдар нь Монгол Улсад зонхилон тохиолддог хорт хавдрын тоонд багтаж, нийт хорт хавдрын дотор 11.7%-ийг, эмэгтэйчүүдийн байрлалын эрхтний дотор тэргүүн байрыг эзэлдэг юм.

ХСҮТ-ийн дүн бүртгэлийн албаны хийсэн судалгаагаар умайн хүзүүний хорт хавдрын 70 орчим хувийг III, IV хожуу үе шатандаа оношлогдон эмчилгээнд хамрагддаг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хавдар судлалын практикт умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээний арга нэвтэрсэн хэдий ч хавдрын өвчлөлийг багасгахад дорвитой ахиц гарахгүй байна.

Умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үзлэг, шинжилгээг тухайн дүүрэг, орон нутгийн эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийн дунд нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах нь хавдрын урьдал эмгэг ба хорт хавдрыг эрт илрүүлж, гуравдугаар шатлалын эмнэлэгт илгээж, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Л.Цэцэгмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж