Оюутолгой төслийнхөн 9000 дахь монгол ажилтнаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Оюутолгой төслийнхөн 9000 дахь монгол ажилтнаа хүлээж авлаа

Сайн мэдээ дуулгая. “Оюутолгой” ХК 9000 дахь монгол ажилтанаа хүлээн авч, батламж гардууллаа. Есийн тоог монгол түмэн цацлын есөн нүд, аз ивээдэг гэхчлэн билэгшээдэг. Энэ удаа 9000 дахь монгол ажилтнаар тодорсон азтан нь Бадарчийн Ганбаатар байлаа. Стандарт, дэд бүтцийн хяналтын албанд ажиллахаар болсон түүний тухай “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх танилцуулахдаа “Энэ зэргийн өндөр түвшинд бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн хүн, ялангуяа геофизикийн на­рийн урлагийг эзэмшсэн ин­женер одоо ховорджээ. Гэвч бид урт удаан хугацаанд эрж хайсны дүнд өндөр мэдлэг, чадвар, туршлагатай гео­логич Б.Ганбаатарыг урьж ажиллуулах болсондоо баяр­тай байна” хэмээсэн юм. Б.Ган­баатар нь ОХУ-ын Ленинг­рад хотноо Уул уурхайн дээд сургуулийг геофизикч мэр­гэжлээр, МУИС-ийг англи хэлний орчуулагчаар тус тус төгссөн. “Оюутолгой” ХК-д орохоосоо өмнө “Бороо гоулд” компанийн үйл ажиллагааны менежерээр ажиллаж байсан туршлагатай геологич юм байна.

Оюутолгой төсөлд өнөөд­рийн байдлаар гадаад до­тоодын нийт ажил­тан, ажилч­дын тоо 14952-т хүр­чээ. Үүнээс 61.2 хувь нь мон­гол хүн байна. Өнөө жилийн 6-9 дүгээр сард Оюутолгойн бүтээн байгуулалтын ид оргил үе тохионо гэж төс­лийнхөн тодорхойлсон. Өн­дөр хурд, их хэмжээний хө­рөнгө хүч шаардсан энэ үед төслийн хүрээнд 17 мянга гаруй хүн ажиллах ажээ. Цаа­шид хөрөнгө оруулалтын гэ­рээнд зааснаар  уурхай бо­лон баяжуулах үйлдвэр ашиг­лалтад орсноор монгол ажилтны  эзлэх хувь хэмжээ 90 хувьд хүрэх учиртай. Үүнд одооноос бэлтгэж, мэргэжлийн ажилтан сургах, дад­лагажуулахад 111 тэрбум төгрөгийн зардал төсөвлөн зарцуулж байна.

Оюутолгой компанийн 9000 дахь монгол ажилтанд батламж гардуулах үеэр “Рио Тинто” компанийн зэсийн группийн дарга Эндрю Хардинг “Би өөрөө хонины фермерийн гэр бүлд төрж өссөн. Хожим нь уул уурхайн чиглэлээр суралцаж мэргэжил эзэмшиж, төмрийн хүдрийн салбараас ажлын гараагаа эхэлсэн. Үүнээс “Рио Тинто” группийн зэсийн группийг хариуцах хүртлээ ажиллаж байна. Эндээс би цаашид Монголын мэргэжилтнүүдэд дэлхийн хэм­жээний групп, корпорациудад ажиллах өргөн боломж бий гэдгийг хэлэхийг хүсч байна” гээд 9000 дахь монгол ажилтан Б.Ганбаатарт Оюутолгой компанийн батламжийг ажлын үнэмлэхийн хамт гардууллаа. Мөн энэ үеэр Оюутолгой төслийн анхны монгол ажилтан, тус компанийн геологийн ахлах зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав өөрийнх нь хайж олсон уурхайн их бүтээн байгуулалт бодит ажил хэрэг болж, эдүгээ 9000 дахь монгол ажилтнаа хүлээн авч буйд баяр хүргэж,үг хэлсэн юм. Монголчуудын есөн цагаан хүсэл биелэх болтугай хэмээсэн ерөөлийн үгээр ажлын гараагаа мялаалган, батламжаа гардан авсан  “Оюутолгой” компанийн 9000 дахь ажилтан Бадарчийн Ганбаатар “Өм­нөговь аймгийн Ханбогд су­мын нутагт нээсэн зэсийн томоохон орд дээр “Оюутолгой” компани ашиг­лалт, олборлолт, бүтээн бай­гуулалтын өргөн цар хүрээтэй том ажлыг эхэлсэн. Энэ ажилд мон­голчууд голдуу ажиллах болсон. “Оюутолгой” компани ажилд орж буй 1000 дахь хүн бүрээ хүндэт­гэлтэйгээр хүлээн авч, батламж гар­дуулдаг уламжлалтай юм. Би 9000 дахь ажилтан болж, энэ хүн­дэтгэлийг хүлээж байгаадаа маш их баяртай байна. Олон арван жил үргэлжлэх энэ төслийн хүрээнд олон монгол хүн ажилтай болж, тэр хэмжээгээр ар гэрийн амьдрал нь дээшлэх болно” гэлээ. Геологи, газрын тосны хайгуулын чиглэлээр 18 жил, уул уурхайн салбарт нийт 30 орчим жил ажиллаж буй тэрбээр ийнхүү “Оюутолгой” компанийнн стандарт хариуцсан ахлах мэр­гэжилтнээр ажиллахаар боллоо.

У.ОРГИЛМАА

Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж