Японы Засгийн газар Хойд Солонгосын эсрэг тавьсан зарим хориг арга хэмжээгээ цуцлахаар болсныг мэдэгдлээ. Японы эрх баригчид Хойд Солонгост амьдарч буй иргэдийнхээ төлөө 2006 онд Пхеньяний эсрэг тавьсан зарим хоригоо цуцлахаар зэхэж байна. Пхеньяний албаныхан Хойд Солонгост амьдарч буй Японы 10 иргэний нэрсийн жагсаалтыг Токиогийн талд өгснийг “Nikkei business daily” сонинд мэдээлжээ. Хойд Солонгос болон Японы төлөөлөгчид өнгөрсөн мягмар гаригт /VII.1/ Хятадын нийслэл Бээжинд уулзаж, хулгайлагдсан иргэд болон хориг цуцлах асуудлаар тохиролцсон аж. Японы албаныхан Хойд Солонгосын өгсөн нэрсийн жагсаалтыг Пхеньяний нууц ажилтнуудын хулгайлан авч явсан байж болзошгүй гэх сураггүй болсон иргэдийн нэрстэй тулгаж үзэн, өөрсдийн дүгнэлтийг хийх гэнэ.
Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард Япон улс өөрийн төлөөлөгчдөө Хойд Солонгос руу илгээж, хулгайлагдсан иргэдийнхээ талаар судалгаа хийх хүсэлтийг Пхеньяний албаныхан хүлээж авсан аж. Үүний хариуд Японы Засгийн газар Хойд Солонгос иргэдийн зорчих хөдөлгөөн, мөнгө шилжүүлэх, Умардын далбаатай хөлөг онгоцнуудыг Японы боомтод орох зэрэгт тавьсан хоригоо цуцлахыг зөвшөөрсөн аж. Хойд Солонгос улс 2002 онд Японы 13 иргэнг хулгайлснаа хүлээн зөвшөөрч, хожим нь тэднээс таван хүнийг эх оронд нь буцаажээ. Харин үлдсэн найман Япон иргэнийг нас барсан хэмээн мэдэгдэж, энэ хэргийг хаасан байна. Үүний дараа 2008 онд Хойд Солонгос тэдгээр Япон иргэдийн талаар судалгаа хийхийг зөвшөөрсөн ч амласандаа хүрээгүй аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters