
Нью-Йоркт болж буй үйл явдал Францын улс төрийг хэдхэн хормын дотор өөрчилж орхижээ. Зочид буудлын үйлчлэгч бүсгүйг хүчиндэхийг завдсан Олон улсын валютын сангийн тэргүүн Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх рейтинг унаж байгааг ажиглагчид онцолж байна. Стросс-Каны өмгөөлөгчийн мэдэгдсэнээр “Үйлчлүүлэгч нь өөрт нь тулгасан хэргийг үгүйсгэсэн” авч улстөрчийн хувьд тэрбээр нэр хүндээ нэгэнт алдаад байна. Олон улсын валютын сангийн тэргүүн Стросс-Кан 2008 онд мөн л хамтран ажиллагч, эдийн засагч бүсгүйтэй холбогдож шуугиан дэгдээж байсан ажээ. Түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг эмэгтэй хүнд хүч хэрэглэх хүн биш гэж хамгаалсаар байгаа юм. Харин түүний талын зарим хүмүүс улстөрчийн нэр хүндийг нь унагаах зорилготой санаатай үйл ажиллагаа гэж үзэж байна.
Гэвч түүний хэргийг шалгаж буй Бернард Дебре “Энэ явдал Олон улсын валютын сан болон Францын нэр хүндийг шороотой хутгалаа” гэжээ. Францын Сангийн сайд асан Доминик Стросс-Кан франкийг еврогоор солиход гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Европын эдийн засгийг өрийн хямралаас гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Секс дуулиан Олон улсын валютын сангийн тэргүүнийг албан тушаалаас нь огцруулж болзошгүй байна.
Н.Энх