Ж.Батзандан гишүүнийг АТГ-ын даргаар түр томилъё

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүнийг АТГ-ын даргаар түр томилъё

Хөрөнгө орлогын мэдүүлгийн “цугларалт” энэ сарын 15-нд дуусгавар болно.

 
Төрийн ордонд орох нь ээ өмнөө цаас, үзэг нийлүүлсэн нь олон. Хөрөнгө орлогоо мэдүүлэх гэж тэр шүү дээ. Харин УИХ-ын гишүүдийн олонх нь туслахаараа бөглүүлэх нь бий. За тэр хэн бөглөх нь ч бидэнд ямар хамаа байх вэ. Харин үнэн зөв бөглөж буй эсэх нь л өөрөө асуудал юм.
 
Учир нь УИХ-ын гишүүдийн дунд хилийн чинадад офшор бүсэд данстай 10 гишүүн бий гэсэн мэдээллийг Ж.Батзандан гишүүн хийх болоод удаж буй. Түүний олонд мэдээлсэн хаяг руу орж, нэрээр нь шалгахад харин гарч ирдэггүй юм билээ. Гэсэн ч УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж дуустал Авлигатай тэмцэх газрын даргаар томилуул яасан юм бэ. Тэгж гэмээнэ тэрбээр өөрийн хянаж шалгах ажлыг сайтар хийж, та бидэнд офшор бүсэд данстай эрх мэдэлтнүүдийг нэг, нэгээр нь биш нэлээд хэдээр нь ил тодоор зарлах биз.
 
Эс бол УИХ дахь Хөрөнгө орлогын мэдүүлгийн учрыг олох ажлын алба гэдгийг ч байгуулж болно. Тэгэхгүй л бол та бид жилээс жилд Хөрөнгө орлогын мэдүүлгээс үнэнийг олж мэдэхгүй ирсэн шүү дээ.
 
Наад зах нь хэрэв Ж.Батзандан гишүүн мэтийн шударга түшээ Авлигатай тэмцэх газарт ажилладаг байсан бол УИХ-ын гишүүн С.Баярцогтын офшор дансыг аль эрт мэдэж болох байв. Тэр дансанд нэг сая төгрөг байсан уу, хоёр сая ам.доллар байсан уу гэдэг нь чухал биш. Гол нь түүнд нууц данс нээх сонирхол бий гэдэг нь л өөрөө асуудал юм.
 
Цаашлаад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн шалгагдаж буй үндэслэл байна. Энд Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнаас асууж буй асуулт нь өөрөө учир дутагдалтай гэдгийг харуулсан. Тодруулбал, УИХ-ын гишүүний эхнэрийн дансаар орж гарсан мөнгө Хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэгдээгүй байгаа нь өөрөө Авлигатай тэмцэх газар олигтойхон шиг асуулт бэлтгэж чадаагүйг баталж байгаа хэрэг. “Таны гэр бүлийн жилийн орлого хэд вэ” гэж асуухын оронд “Та гэр бүлийнхээ дансны орлого, зарлагын гүйлгээг ил тодоор мэдээлнэ үү” гэсэн бол Ё.Отгонбаяр гишүүн өнөөдөр асуудалд орохгүй байсан. Гэргий нь сэжигтэн нэр зүүж, олны хэл амны бай болох шаардлага байхгүй ч байсан юм билүү хэн мэдлээ.
 
Мөн УИХ-ын гишүүдийн зээлийн хэмжээ байна. Гэр бүлийнх нь орлого жилийн 30 сая төгрөг байтал 200-300 сая төгрөгийн зээлтэй, тэр ч битгий хэл тэрбумаар яригдах зээлийн тоо бичсэн албан тушаалтан ч байдаг. Гэтэл үүнийг нь хэн ч тоож авч хэлэлцдэггүй. Уг нь Авлигатай тэмцэх газар орлогынх нь хэмжээг зээлжих чадвартай нь харьцуулаад гаргаад ирвэл “Хэн хэнд үйлчлээд байна вэ” гэдгийг мэдэж болмоор.
 
Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүд ердөө ганцхан банкаар үйлчлүүлэх нь бий. Түүгээр ч зогсохгүй хууль, шүүхийн өндөр албан тушаалтнууд байна. Нийслэл, аймаг, дүүргийн шүүгчид ч гэсэн адилхан. Хүн л юм хойно зээл авч, амьдрал ахуйдаа тус нэмэр болж таараа. Өнгөрсөн жилүүдэд тэрхүү сонирхлынх нь дагуу харьцуулж харахад мөн л цор ганц банкнаас байгууллагаараа, хамт олноороо зээл авах тохиолдол ажиглагдаж байсан. Үүнийг нь хардах эрх хийгээд сэрэмжлүүлэх иргэний үүрэг талаасаа харвал бас л том асуудал. Тэр дундаа хууль, шүүхийнхэн зөвхөн нэг харилцагчтай байна гээд боддоо.
 
Дараагийн нэг эргэлзээ нь өрх гэр тусгаарласан үр хүүхдийнх нь өмч хөрөнгө гэж бас байна. Хадмын талыг нь хамт шалгадаггүй юм гэхэд цалингаараа цалгихгүй, наргихгүй амьдарч ирсэн улстөрч “Хүүдээ дөрвөн өрөө байр өглөө. Зуслангийн хаус бэлэглэлээ. Ренж ровер өгөв” гэх нь бас л сонин. Тэр бүхнийг хаанаас, юугаараа авч өгөв гэдгийг асууж тодруулахад гэм байхгүй. Наад зах нь өөрсдийнх нь өмнөөс охинд нь, хүүд нь байр, машин бэлэглэдэг бизнес эрхлэгчид байна. Ямар холбоо, ямар хэлхээтэй учраас улстөрч эрхмийн өмнөөс хөл алдаж, үр хүүхдэд нь өмч хөрөнгө тасалж өгөв гэдгийг асуухад алдаа болоод байх юм үгүй л байх. Адаглаад баахан олон нууц амрагийн асуудал байна. Нэг эхнэрийн нэр дээр хадгалж болохгүй хөрөнгийг нэлээд олон бүсгүйд тарааж нуух нь улстөрчдийн дунд байх л үзэгдэл гэх. Ингэлээ гээд тэр гишүүний анхны эхнэр нь тэр. Хоёр дахь нь энэ. Гурав дах нь тэнд байгаа. Сүүлийнх нь тэр гэнэ гэх мэт мэдээллийг бичих таагүй. Гэсэн ч бодит үнэнийг олж мэдэх хэрэгцээ шаардлагатай уялдах эрэн сурвалжлах үнэн үү гэвэл үнэн.
 
Иймээс Авлигатай тэмцэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түр томилоод түүнийг яг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай найз шигээ ажиллах боломжийг нь нээгээд өгчихье. Тэр цагт Ж.Батзандан гишүүн ч ганцаараа бачимдахгүй иргэд ч үнэнийг мэдэх боломжтой болох биз ээ. Гэхдээ юу юугүй л улстөрч нөхдийнхөө ор хөнжил рүү гүйгээд орчихгүй бол шүү дээ.

 

Эх сурвалж: dream.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж