Үнэгүй хөгжмийн үйлчилгээ үзүүлэгч Songza компанийг Гүүгл өөртөө нэгтгэжээ. Энэ тухай Songza компани өөрийн сайт дээрээ мэдээлсэн байна. Тэд “Бид хэрэглэгч та бүхэндээ нэгэн том үйл явдлын мэдээг хүргэхээр боллоо. Энэ бол бид Гүүглийн нэг хэсэг болсон явдал юм. Энэхүү өөрчлөлт нь бидний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хэрэглэгч та бүхэндээ хүргэх бидний үйлчилгээ илүү хурдан, илүү ухаалаг болох болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Уг наймааны үнийн дүнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч 15 сая ам.долларын өртөгөөр зарагдсан гэх албан бус мэдээлэл гарсан байна.
Apple компани хөгжмийн Beats Music компанийг 3 тэрбум ам.доллараар худалдан авсан наймааны дараахан ийнхүү Гүүгл ч мөн хөгжмийн үйлчилгээ үзүүлэгч компанийг худалдан авлаа. Энэ нь уг салбарын томоохон компаниуд хөгжмийн үйлчилгээ үзүүлэх салбарт хүчтэй өрсөлдөхөөр төлөвлөж буйг харуулж байна.
Т.БИЛГҮҮН