Баруун Африкийн гурван улсад үхлийн аюулт эбола вирусын халдвар эрчимтэй тархаж, 476 хүн үрэгдэж, 759 хүн өвчлөөд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн сүүлд зургадугаар сарын 23-нд мэдээлснээс хойш аравхан хоногийн дотор 68 хүн эбола вирусын халдвараар нас барж, өвчлөгсдийн тоо 635-759 болж огцом нэмэгджээ. Эбола вирусын халдвар Гвиней, Сьерра-Леоне, Либери улсуудад тархаад байгаа юм. Вирусын халдвар өнгөрсөн хоёрдугаар сард Гвинейн өмнөд хэсгийн Гуекедоу нутагт анх илэрснээс хойш хөрш хоёр оронд тархаад байна. Либери, Сьерра-Леоне улсын Засгийн газрын зүгээс ард иргэддээ хандан эбола вирусын халдвар авсан ч эмнэлэгт очихгүй, гэр орон, сүмд бүгсэн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг анхааруулжээ.
Үүний зэрэгцээ Баруун Африкийн 11 орны Эрүүл мэндийн сайд нар өнөөдөр /VII.2/ Гана улсад цуглаж, эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох зэрэг арга хэмжээний талаар хоёр өдрийн уулзалт зохион байгуулахаар болсон аж. Биеийн шингэнээр дамжин халдварладаг эбола вирусын эсрэг эм, вакцин нээн илрүүлж чадаагүй байгаа юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС