-Нэгэнт төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсэн учраас одоо хэн нэг буруутныг гаргаж ирэх хэрэгтэй болсон хэрэг. Гэвч арга чинь буруу байна. Тэр тусмаа хэвлэл мэдээллийнхээс буруутныг хайж байгаа нь дэндүү өрөвдөлтэй бөгөөд явуургүй харагдаж байна-
Телевизийн нэвтрүүлэг хийсэн нэгэн студийг Тагнуулын ерөнхий газар шалгаж эхэлжээ. Хэрэг явдал Hero Entertainment студийн бэлтгэдэг “100 чухал сэдэв” нэвтрүүлэгтэй холбоотой. Энэхүү нэвтрүүлгийг “үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй” хэмээн үзэж ТЕГ хэрэг үүсгэсэн аж. Хэрэв Hero Entertainment буруутай нь шүүхээр нотлогдвол Эрүүгийн хуулийн 86 дугаар заалтын 1-д зааснаар 5-10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.
Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд уг нэвтрүүлэгтэй холбоотой Засгийн газраас гаргасан мэдэгдлийг албан ёсоор давхар сануулан, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болохыг мэдэгдсэн байх юм.
Анх уг нэвтрүүлэг цацагдсанаас хойш иргэд албан бусаар байр сууриа илэрхийлж байтал Монгол Улсын Ерөнхийлөгч хэргийн эзэн гэгдэж байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудан авчирч жавтий хүртээснээс хойш төрийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ “дүвчигнэж” эхэлж байх шиг байна. Яагаад гэвэл төрийн тэргүүн Женког дуудаж ирээд загначихсан, одоо буух эзэнтэй боллоо гэж бодож байгаа бололтой. Нэгэнт төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсэн учраас одоо хэн нэг буруутныг гаргаж ирэх хэрэгтэй болсон хэрэг. Гэвч арга чинь буруу байна. Тэр тусмаа хэвлэл мэдээллийнхээс буруутныг хайж байгаа нь дэндүү өрөвдөлтэй бөгөөд явуургүй харагдаж байна. Логик утгаар хөөгөөд үзвэл уг нэвтрүүлгийг Hero Entertainment санаачлан бэлтгээгүй гэдэг тодорхой. Гэтэл төрийн нэрийн өмнөөс хуулиар түрүү барин айлгах тактик барьж байгаа нь Монголд социализмийн үеэс мөрдөж ирсэн хууль, хүчний байгууллагын уламжлалт арга барил хэвээр байгааг харуулж байна. Баргийн асуудлаар ил гарч мэдээлэл хийдэггүй тагнуулынхан том олз агнасан дүрээр ил гаран хэвлэл мэдээллийнхнийг зар тараан цуглуулан байж мэдээлэл хийнэ гэдэг үнэхээр сүржигнэсэн үйлдэл байсан.
Хэргийг “албан ёсны” хэмжээнд аваачсан төрийн тэргүүн энэ үйлдэлд өөрийн байр суурийг илэрхийлсэн. ТЕГ-ын энэ үйлдэл нь “Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй“ гэсэн үндсэн суурь заалтыг зөрчиж байгааг дурдаад “тус байгууллагад хийх өөр ажил бий” гэдгийг онцолсон байна. Хамгийн сүүлийн мэдээлэл дуулгахад эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэгт манай сайтын редакц унах шинжтэй боллоо. ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарласнаар Эрүүгийн хуулийн 86-ын 1-д заасан үндэслэлээр эрүүгийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн аж. Харин манай сэтгүүлч үүнийг эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн мэдээлсэн аж. ТЕГ-ын мэдээллийг үзсэн үзэгч болгон эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ойлгосон нь тодорхой байхад бас нэг буруутан гаргах хэрэгтэй учраас бидэнтэй холбогдсон бололтой. “Бид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж хэлээгүй, танай сэтгүүлч тэгж мэдээлсэн, танайхаас ихэнх хэвлэлийн газар мэдээллээ авдаг учраас танай буруу мэдээлэл нийгэмд түгсэн” хэмээн буруутгаж байгаа аж.
Золиос гаргах шаардлага хэн нэгэнд байгаа бол тэр золиос нь сэтгүүлч, уран бүтээлчид лав биш. Энэ үйлдэл бас нэг чухал асуудлыг гаргаж ирлээ. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоогоо бий болгох цаг үе тулгарсаныг дахин нотоллоо. Сэтгүүлчид өөрсдөө дотроо зохицуулахгүй бол улстөрчид буюу төр ирээд зохицуулна гэдгийг нотолж байна. Мэдээж төр бол сэтгүүлч бидэнд биш өөрсдөдөө ашигтайгаар зохицуулах нь ойлгомжтой.
Д.НАРАНТУЯА