Улсын Их Хурлын чуулганы Мягмар гарагийн /2014.07.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг баталлаа.
Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр асуулт асууж хариулт авсны дараа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.
Ингээд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулж 72,9 хувийн саналаар дэмжигдлээ.
Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг 75 хувиар дэмжив.
Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага аваад байсан юм.
Уг асуудлаар чуулганы хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан талаарх тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хийж завсарлагын хугацаа дууссаныг дуулгалаа.
Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.