Олон нийтийн сүлжээнээ нэг хэсэг нь “Өнөөдөр тэврэлтийн өдөр. Үнэн сэтгэлээсээ хэн нэгнийг тэврэхийг хүсвэл түүнийгээ тэвэр” гэжээ. Өөр бусад нь “Өнөөдөр долдугаар сарын 1. Хар өдөр. Гашуудаж эмгэнэх ёстой” хэмээнэ.
Угтаа бол эрс тэс, огт өөр сонсогдох энэ хоёр өдрийн давхцал нэг зүйлийг бидэнд сануулж буй мэт. Долдугаар сарын тэр нэгэн хар өдөр эв нэгдэлгүй, өөр хоорондоо ойлголцож, “тэврэлдэж” чадаагүйн үр дагавар байлаа. Өөрөөр хэлбэл эв нэгдэл, ойлголцлын бэлгэдэл болох “тэврэлтийн өдөр”, эв нэгдэлгүй, эвдрэлцлийн илэрхийлэл болсон “Долдугаар сарын 1”-ний давхцлыг бид утга учир хэмээн ойлгох ёстой мэт. Энэ өдрийг бид ойлголцол, эв нэгдлийн, сэтгэлээсээ тэврэлт хийх боломж гэж хармаар.
Тэр нэгэн “тэврэлдэж чадаагүй” өдөр монголчууд монголчууд руугаа буу шагайсан. Өөр улсын дайсан биш өөрсдийнх нь төр иргэнийхээ аминд хүрсэн. Гэр рүүгээ яарч явсан аавыг гэртээ харих замд нь буудсан. Аавдаа ач хүүг нь харуулна хэмээн ярьж байсан тэр нэгэн хүүг эргэж ирэхээргүй болгон, явуулсан. Хэнд ч ашигтай нь мэдэгдээгүй тэр нэгэн улс төрийн тоглоомны золиос нь таван хүний амь, олон залуусын ирээдүйг харлуулсан толбо байсан юм. Хэн ч хариуцлага хүлээгээгүй тэр нууц тушаалаас болж Монголын түүхэнд бүр ч том хар толбо үлдсэн. Тэр өдөр адилхан ардын хүүхдүүд өөд өөдөөсөө тулж, яллагдаж, ялагдаж, түүний ард харин улстөрчид цэвэрхэн үлдсэн.
Энэ өдөр бид “тэврэлдэх” ёстой. Энэ бол улс төрчдийн хөшигний арын тэврэлт биш, ард түмний хуваагдаж талцахгүй хэмээх тэврэлт байх ёстой. Ах дүүс, найз нөхөд, гэр бүлд эв нэгдэл хэрэгтэй. Гэтэл улстөрчдийн улс төржүүлж болох, болохгүй сэдвүүд сүүлийн үед хөндөгдөх битгий хэл, хөдөлж гуйвж байна. Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийн урсгал, зөв бурууг дэнслэх аргагүйд хүргэтэл хэвлэл, сүлжээ ашиглан “дайтах” хэрэг бий гэж үү.
Гэтэл иргэдийн талцал, олон нийтийн сэтгэлзүй улс төрийн талбар биш. Улстөрчид нь асуудлаа, шийдэх ёстой газар, хууль тогтоох байгууллага, хурал дээрээ л шийдэцгээх учиртай биш бил үү. Ойлголц, хэлэлц, улс орон, иргэдийн эрх ашгийг зарчмаа болго. Битгий талцуул, хуваа. Гудамжинд биш улс төрийн шийдлээ хэлэлцдэг “дэвжээн дээрээ” хүчээ үзье.
Энэ өдрийг бүгдээрээ ойлголцлыг, эв нэгдлийг сануулж байна хэмээн ойлгоод, зөрж муудах биш зөвшилцөж ойлголцож яагаад болохгүй гэж. Эвлэлдэж чадаагүй тэр өдрийг бид мартаж болохгүй. Тэр долдугаар сарын 1-нийг.
Б.МАНДАХ