Сонгодог урлагийг үзэгчдэд ойртуулсан нэгэн гайхалтай үдшийг бидэнд бэлэглэх гэж байна. Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх ням гаригт буюу долдугаар сарын 06-нд Монголд анх удаа “Best of Classic: Оpen air” сонгодог бүтээлийн дээжис тоглолтыг гадаа талбайд зохион байгуулах гэж байна.
Чингисийн талбайд Монголын дуурийн урлаг, Монголын сонгодог урлагийнхан энэ өдөр чуулна гэсэн үг. Сонгодог урлагийн сор болсон бүтээлийн дээжээс үзэгч олон өргөн толилуулах гала тоглолтыг Нийслэлийн 375 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд санаачлан тавьж буй юм.
Гадаа талбайн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани ажиллаж байна.
Сонгодог үдшээр амьсгалах, бахархах, төв талбайд Монголын урлагийн гайхамшигт бүтээлүүд чуулах “Best of Classic: Оpen air” тоглолт ням гаригийн 21.00 цагт эхэлнэ.
Э.ТЭКҮ