Ж.Батзандан: Төмөр замын асуудлаар Х.Баттулга гишүүнийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Төмөр замын асуудлаар Х.Баттулга гишүүнийг дэмжинэ

Шинэчлэлийн Засгийн газрын олон бодлого ард түмний бухимдлыг төрүүлэв. Газрыг гадаадынханд эзэмшүүлэх, өрийн хэмжээг нэмэгдүүлэх, дархан цаазат газрын ашигт малтмалыг ашиглах, гадаадад оффшор данстай цагаан захтнуудыг өршөөх, БНХАУ-ын банкны салбарыг нээх гээд арай ч дээ гэмээр олон бодлогуудыг оруулж ирсэн.

    Дээр нь нэмээд төмөр замын асуудал наадамдаа бэлтгэж, хөлбөмбөгт халуурсан  Монголчуудыг сэрээв. Эцэст нь төмөр замын асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож Х.Баттулга сайдыг телевизийн камерийн өмнө ихээхэн зэмлэв. Телевизийн камерийн цаана юу ярьсныг ард түмэн мэдэхгүй. Албан утшаалтнууд сонссон байж мэднэ. Ямар ч байсан энэ дуулиант уулзалтын дараа Х.Баттулга гишүүн "Хояг хаядаг ногоон уутаа ард түмнээс асуугаад байсан. Газар, банк, төмөр замаа яагаад ард түмнээсээ асууж болоогүйн бэ? Олны хүч оломгүй далай" гэх мэтээр байр сууриа илэрхийлсэн.

    Хамгийн сонирхолтой нь эрх баригч АН-ынхан төмөр замын асуудлаар одоо болтол байр сууриа нэгтгэж чадаагүй байна. Угаасаа төмөр замын нэвтрүүлэг, Х.Баттулгын байр сууринаас болоод дотроо ихээхэн гүнзгий хагаралтай болсон эрх баригчид чуулганыг яаралтай завсарлуулахаар болсон сураг гарлаа. Шалтгаан нь Н.Батбаяр сайдыгаа хамгаалах,  төмөр замаар ард түмнийг наадамдаа анхаарч байхад нь шийдвэр гаргахад чиглэгджээ. Харамсалтай нь АН-ын нөлөө бүхий гишүүд дарга нарынхаа энэ санааг дэмжихгүй бололтой. Тухайлбал УИХ дахь шударга гишүүдийн нэг гэх Ж.Батзандан "Би Монгол улс төмөр замын нэгдсэн сүлжээтэй байх нь зөв гэж үзэж байгаа. Товчоор хэлбэл Х.Баттулга гишүүнийг дэмжинэ" гэж байр сууриа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл тэрээр төмөр замын асуудлаар Х.Баттулга гишүүнтэй санал нэгджээ. Мөн иргэний нийгмийн төлөөлөл болох гишүүд ч Х.Баттулгын байр суурийг дэмжиж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлэв. Энэ бүхэн үнэн бол УИХ-д төмөр замын асуудлаар Х.Баттулга гэдэг ганцхан эсэргүү байгаагүй бололтой. Тэр араасаа цөөнгүй гишүүдийг дагуулах гэнэ. Х.Баттулгын байр суурийг дэмжигч гишүүд өдөр хоногоор нэмэгдээд байвал асуудал улам л хүндрэх нь тодорхой.

    Ийнхүү эрх баригчид төмөр замын асуудлаар ойлголцож чадахгүй байна. Газрыг гадаадынханд эзэмшүүлэх хуулиа ард түмний эсэргүүцлээс болж татсан. Харин өрийн хэмжээгээ огцом нэмэх, дархан цаазтай газруудын ашигт малтмалыг олборлох, гадаадад данстай авлигачидаа өршөөх хуулиудаа хэрхэн явуулах нь тодорхойгүй байна. Энэ бүхнээ санаснаараа явуулна гэвэл наадамдаа хөвсөлзөж байгаа ард түмний эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч мэдэхээр нөхцөл үүслээ хэмээн ажиглагчид дүгнэх болов.


Эх сурвалж: 24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж