
Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын плей-оффын гуравдугаар шат буюу өрнөд, дорнод бүсийн аваргын төлөөх тулаанууд өнөөдрөөс эхэлж байна. Улирлын тоглолтыг 62 хожил, 20 хожигдолтой үдэж, дорнод бүсийн нэгдүгээр байраар шалгарсан “Чикаго Буллз”, “Индиана Пейсерс”-ийг 4-1-ээр, дараа нь “Атланта Хаукс”-ыг 4-2 харьцаатай буулган авснаар бүсийнхээ финалд шалгарсан билээ. Харин тэдний ээлжит өрсөлдөгч нь “Майами Хит”. Орчин цагийн шинэ их гурвалыг бий болгосон хүчирхэг “Хит” 58 хожил, 24 хожигдолтой бүсээсээ хоёроор шалгарч, плей-оффын эхний шатанд “Филадельфия-76”-г 4-1-ээр, улмаар “Бостон Селтикс”-ийг мөн л таван тоглолтод хожиж, дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. Ийнхүү “Чикаго Буллз” болон “Майами Хит” багийн бүсийн аваргын төлөөх цуврал өнөөдөр эхэлж байна. Яг одоо хоёр багийн цувралын эхний тоглолт “Бухнууд”-ын давамгайлал дор үргэлжилж байна.
Харин өнгөрсөн хоёр жил дараалан түрүүлсэн “ЛА Лейкерс”-ийг “шүүрдсэнээр" өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан “Даллас Маверикс”-ийн ээлжит өрсөлдөгчөөр “Оклахома Сити Тандер” тодорсон байгаа. Плей-оффын хоёрдугаар шатанд “Мемфис Гриззлис”-тэй таарсан “Тандер” өрсөлдөгчөө шийдвэрлэх долоо дахь толголтод 105:90 харьцаатай буулган авснаар дараагийн шатанд шалгарсан юм. Хоёр багийн эхний тоглолт Монголын цагаар лхагва гаригийн өглөө болно.
С.Цэлмэг