Уругвай улсын Ерөнхийлөгч Хосе Мухика Италийн шигшээн хамгаалагч Жиоржио Киеллинийг хазсан довтлогч Луис Суаресыг өмөөрчээ. Тэрээр,
-“Луис Суаресыг шийтгэх нь мэдээж хэрэг. Харин олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) фашист аргаар Суаресыг шийтгэлээ. Энэ шийтгэл түүнд хатуудсан” гэжээ. Луис Суарес Италийн хамгаалагч Жиоржио Киеллинийг хазсаныхаа төлөө дөрвөн сарын хугацаанд талбайд гарахгүй болсонг юм. Мөн бэлтгэлийн баазад очих эрхээ хүртэл хасуулсан. Луис Суарес шийтгүүлж, хөөгдсөний дараа Уругвайн шигшээ Колумбд 2:0-ын харьцаатай хожигдож, ДАШТ-ээс хасагдсэн бол Луис Суаресыг Уругвайн ард түмэн баатар хэмээн эх орондоо угтан авчээ.
Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суаресын хувьд дэлхийн аваргын хэсгийн тоглолтод Италийн хамгаалагч Жоржо Кьеллиниг хазсандаа албан ёсоор уучлалт гуйж, дахиж хүн хазахгүй гэж амласан байна. Тэрээр “Би гэртээ ирсний дараа бага зэрэг тайвширч, Италийн эсрэг тоглолтын үеэр юу болсон талаар тунгааж бодлоо.
Сүүлийн хэдэн өдөр үнэнд төдийлөн нийцэхгүй олон мэдээлэл тархсан ч би адилхан хөлбөмбөгчийн хувьд Жоржо Кьеллини хазуулж, золиос болсныг хэлэхийг хүсч байна. Үүнтэй холбогдуулан, болсон явдалд ихэд харамсаж буйгаа илэрхийлмээр байна. Мөн Жоржо Кьеллини болон хөлбөмбөгийн нийт гэр бүлийнхнээсээ уучлалт гуйя. Олон нийтэд хандан дахин ийм үйлдлийг давтахгүй гэдгээ амлаж байна” хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурьджээ. Суаресыг дэлхийн аваргын тоглолтын үеэр өрсөлдөгчөө хазсаны шийтгэл болгож багийнхаа 9 тоглолтыг өнжихөөс гадна ойрын дөрвөн сарын хугацаанд тэмцээнд оролцох эрхийг нь хассан юм.
Харин Суарест мөрөө хазуулсан Италийн шигшээ багийн хамгаалагч Жоржо Кьеллини “Би одоо тэр явдлыг мартсан. Олон Улсын хөлбөмбөгийн холбоо түүний шийтгэлийг зөөлрүүлээсэй гэж хүсч байна” хэмээн твиттертээ бичжээ.
Б.БИЛЭГ