Европын холбооны удирдлагууд, Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар өчигдөр /VI.29/ Киевийн Засгийн газар болон зүүн хэсгийн салан тусгаарлагчдын хоорондох зөрчил, хямралыг авч хэлэлцжээ. Тэдний теле яриа, хэлэлцээ хоёр цаг гарангийн хугацаанд үргэлжилсэн байна. Энэ үеэр тэд Укрианы Засгийн газар болон зүүн хэсгийн салан тусгаарлагчдын хооронд гал зогсоох, Ерөнхийлөгч Пётр Порошенкогийн энхийн төлөвлөгөө зэргийг авч хэлэлцжээ.
Европын холбооны зүгээс Украины зүүн хэсэг дэх зөрчил, хямралд ОХУ-ыг буруутгаж эдийн засгийн хориг арга хэмжээгээр сүрдүүлж буй юм. Европын холбооны удирдлагууд ням гаригт /VI.29/ болсон яриа, хэлэлцээрийн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украины зүүн хэсэг дэх Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг галаа зогсооход түлхэц үзүүлэхийг шаарджээ. Үүний хариуд Владимир Путин Украины Ерөнхийлөгч Пётр Порошенкод хандан гал зогсоох хугацааг уртасгахыг шаардсан байна. Түүнчлэн Германы канцлер Ангела Меркель Украины Ерөнхийлөгч Пётр Порошенкод шахалт үзүүлж, Европын холбооны худалдааны гэрээнд гарын үсэг зурахдаа хямралыг зогсооно гэж амласныг нь сануулжээ. Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко баасан гаригт /VI.27/ өндөрлөсөн гал зогсоох хэлэлцээг өнөөдөр /VI.30/ оройн 22:00 цаг хүртэл сунгасан аж.
Гэвч өнгөрсөн амралтын өдрөөр Украины Донецк, Луганск мужуудад Киевийн армийн таван цэрэг амь үрэгдэж, 17 хүн гэмтэж шархатсан хэрэг гарчээ. Мөн Киев дэх Ерөнхийлөгч Пётр Порошенкогийн ордоны гадна иргэд цуглан Украины зүүн хэсэгт террористын эсрэг ажиллагааг эхлүүлснээс олон хүн амь үрэгдсэнийг эсэргүүцэн жагссан байна.
Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсанаас болж экс Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчин, ард түмний эсэргүүцэл, бослого дунд суудлаасаа буусан билээ. Гэхдээ Украины сөрөг хүчин Засгийн эрхийг хүчээр булаан авсныг ард олон сайшаагаагүй юм. Улмаар Крымын хойгт Киевийн шинэ засгийг эсэргүүцсэн бослого гарч, бүх нийтийн санал асуулгаар Украиныг орхин, ОХУ-д нэгджээ. Хэрэг явдал үүгээр дууссангүй Укрианы зүүн хэсэгт Киевийн эрх баригчдыг эсэргүүцсэн Оросыг дэмжигчид өөртөө засах эрхт тусгаар улсыг тунхаглаад буй юм. Украины зүүн хэсэгт өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үед зөрчил эхэлснээс хойш Киевийн Засгийн газрын арми болон салан тусгаарлагчдын хоорондын тулаанд 420 гаруй хүн амь үрэгдээд байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС