УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан сүүлийн үед олны анхаарлын төвд дахин орж ирж, “Ясны тэмцэгч чанар нь Д.Эрдэнэбатаас эхлээд АН-ын томчуудыг сандаргаж эхэллээ” гэж хүмүүс ярьж байна.
Үнэхээр ч гудамжны тэмцэгчээс УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларсан тэрбээр эрх баригч намын сүүдэрт дуугүйхэн алхахыг удаан тэвчих нэгэн биш гэдэг нь түүний сүүлийн үед гаргаж байгаа үйлдэл, бүлгийнхээ шийдвэрийг сөрөн зогсож байгаа тэмцлээс нь харагдаж эхэллээ. Энэ талаар эрхэм гишүүнээс өөрөөс нь тайлбар сонссоноо хүргэе.
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг томилж чадалгүй эхлээд эрх баригч АН завсарлага авсан бол уржигдрын хурлын эхэнд таныг Хууль зүйн байнгын хорооны даргад өрсөлдөхөө мэдэгдэнгүүт сөрөг хүчин МАН-ын намын бүлэг тав хоногийн завсарлага авсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг томилж чадахгүй сунжраад байгааг та юу гэж ойлгож байна?
-Би шалтгааныг нь ойлгохгүй байгаа. Ардчилал гэдэг бол сонголт. Түүнчлэн альтернатив боломжийг иргэдэд, Монголын бүх хүнд адил тэгш эрхтэй олгохыг хэлнэ гэж би ойлгодог. Ерөөсөө л анхнаасаа ардчиллын хамгийн үнэт зарчим бол чөлөөт, шударга өрсөлдөөн байсаар ирсэн. Манай намын бүлэг хуралдаад хэд хэдэн хүний нэр гаргаж ирсэн боловч Р.Бурмаа, М.Зоригт гишүүн нар нэрээ татаж авснаар Д.Ганбат гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлсэн. Би намынхаа энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа.
Гэхдээ УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд байнгын хорооны даргыг Байнгын хорооны гишүүдийн дунд шударга өрсөлдөөнөөр сонгоно гэсэн заалт байгаа. Энэ нь шударгаар нэр дэвшүүлж, цэвэр өрсөлдөөний журмаар ялагчийг тодруулах сонгодог хэлбэр юм. Би энэ хуулийн заалт, Монгол Улсын хууль дүрмийг хүндэтгэн үзсэний үндсэн дээр О.Баасанхүү гишүүний оруулсан саналын дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад ил тод, шударгаар өрсөлдөх саналтай байгаа.
Өрсөлдөх ч болно. Эцсийн эцэст би нэг л зүйл хэлдэг. Намын дүрэм Монгол Улсын хуультай зөрчилдвөл би Монгол Улсынхаа хуулийг дагах болно гэдгээ энэ үйлдлээрээ баталж байна.
-Ер нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигч нь ямар шалгуурт тэнцсэн хүн байх ёстой юм бэ. Мэргэжил, боловсрол, ажлын дадлага туршлага, УИХ-ын гишүүнээр ажилласан жил гээд?
-Хууль зүйн мэргэжил, өндөр боловсролтой, салбараа мэддэг, бусдыгаа удирдан чиглүүлэх чадвартай, тэгээд УИХ-ын гишүүн байх ёстой. Дээр нь тухайн байнгын хорооныхоо гишүүн байх ёстой гэсэн үндсэн тодорхой хэдэн шалгуур бий. Яах вэ Д.Ганбат гишүүн бид хоёрын хувьд дээрх шалгууруудад хоёулаа л тэнцэж байгаа учир шударгаар өрсөлдөж, УИХ-ын ихээхэн хариуцлагатай, чухал байнгын хорооны нэг болох Хууль зүйн байнгын хорооны дарга хэн нь болох вэ гэдгээ үзье л гэсэн юм. Энд өөр ямар нэгэн асуудал байхгүй.
-Өнгөрсөн хавраас эхлээд УИХ дахь АН-ын бүлэгт Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан, Х.Баттулга зэрэг тэрслүү гишүүд тодорч, бүлгийнхээ гаргасан шийдвэрийн эсрэг зогсох боллоо гэж эрх баригч хүчнийхэн ил, далд хүчтэйхэн ярилцаж байгаа. Үнэхээр бүлгийнхээ шийдвэртэй тэрсэлдэх зайлшгүй шалтгаан гарч ирээд байгаа юм уу?
-Би зарчмын байр суурь, шударга ёсны талд гуйвалтгүй зогсох болно. Намын дарга, бүлгийн даргын талд ч юм уу, нэг эрх мэдэлтний талд би зогсохгүй. Би шударга ёс, Монгол Улсын Үндсэн хуулийн талд анхнаасаа л зогсож байсан, одоо ч хэвээрээ байгаа. Монгол Улсын хуулиар олгогдсон бололцоо, боломжийг бүх иргэдэд эдлүүлэхийн төлөө би зогсоно.
-Та бүхэн нэг албан бус бүлэг байгуулсан байх аа. Тэр бүлэг ажиллаж байгаа юу. Та нар уулзаж, ажил хэргээ ярилцаж байгаа юу?
-“Өглөөний цаг” нэртэй чөлөөт клуб байгуулсан. Бидний байгуулсан чөлөөт клубт УИХ-ын 10 гаруй гишүүн харьяалагдаж өглөө бүр уулзан өдрийнхөө ажлыг төлөвлөн ярилцдаг нь бүр хэвшил болсон гэж хэлж болно.
“Өглөөний цаг” клуб нь намын бүлэг биш. Энэ бол эрүүл, саруулаар сэтгэдэг УИХ-ын гишүүдийн нэгдэл гэж ойлгож болно.
-Сүүлийн үед УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс сөрөг хүчнээ хэтэрхий буруутгаж, дорд үзсэн байдлаар хандаж байгаа нь олон зүйл дээр ажиглагдах боллоо. Түүнчлэн асуудалд арай өөрөөр хандсан өөрийнхөө гишүүдийн эсрэг ч дээрэнгүй, олонхоороо түрээ барьсан байдлаар ханддаг нь илэрхий анзаарагдаж байна. Энэ байдалд та ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Дарга нарын ааш, аяг амархан эвдэрдэг шүү дээ. Гэхдээ ямар ч үед ард түмний талд зогсдог гишүүд цөөнгүй байгаа. Бүх юм ягтаа тулж, болохгүй болчихсон юм байхгүй.
Ардчилсан нам асуудлыг эв зүйгээр шийдэж чадна. Харин эв зүйгээр шийдэхийн тулд хамгийн гол нь цөөнхөө сонсдог, хүндэлдэг, шударга ёс байх ёстой. Эв нэгдэл бол шударга ёсон дээр суурилдаг гэж би ойлгодог. Шударга ёсгүйгээр эвтэй байх тухай ойлголт байхгүй.
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дундаа ороод явж байна. Энэ ажлын явцын талаар танд ямар нэгэн мэдээлэл бий юу. Ер нь энэ 100 хоногт эдийн засаг сэргэх үү. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Засгийн газрын 100 хоног дөнгөж талдаа ороод явж байна. Дүгнэхэд эрт байна. Тэгээд ч одоогоор надад ямар нэгэн дүн шинжилгээ хийх материал, гарын авлага алга.
-Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнд чагнах, тагнах төхөөрөмж тавьсан талаарх шуугиан тараад байгаа. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг ямар тохиолдолд тагнах, чагнах ёстой байдаг юм бэ дээ?
-Хуулийн хүрээнд хоёрхон тохиолдолд тагнах, чагнах бололцоо, боломж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор, нотлох баримт цуглуулах зорилгоор, сэжигтэн, яллагдагч мэдүүлэг өгөхөөс татгалзсан тохиолдолд прокурорын зөвшөөрөлтэйгөөр чагнаж, тагнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулж болно.
Бас одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс 14 хоногийн өмнө, тодорхой мэдээлэл цуглуулах зорилгоор прокурорын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болно.
Гэхдээ энэ нь бүх хүн, субьект дээр болно гэсэн үг биш. Халдашгүй эрхтэй төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүн зэрэг субьектэд тагнах, чагнах ажиллагаа явуулах нь хуулиараа хориотой. Саяын ажиллагааны хувьд прокурорын зөвшөөрөлтэй явагдсан гэж би сонссон. Хуулийн зөрчил хаанаа байгааг хуулийн байгууллага шалгаж тогтоох үүрэгтэй.
-Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн яаман дээр явагдсан тагнах, чагнах ажиллагаа хууль зөрчөөгүй гэж ойлгож болох нь ээ?
-Прокуророос зөвшөөрөлтэй бол ямар ч тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэхгүй.
-Харин Б.Шинэбаатар дарга мэдээлэл хийхдээ прокурорын зөвшөөрөлгүй тагнаж, чагнасан гээд байсан шүү дээ?
-Би энэ талаар бүхий л шугамаар хангалттай мэдээлэл авсан. Прокурорын албан ёсны зөвшөөрөлтэй байсан тул энэ асуудлаар олон юм яриад байх зүйлгүй.
Д.Энхтүвшин
Эх сурвалж: Өглөөний сонин