Монгол, Японы Гадаад харилцааны яамдын анхдугаар Стратегийн зөвлөлдөх уулзалт 6 дугаар сарын 26-нд Токио хотноо болов. Манай талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, японы талыг ГХЯ-ны дэд сайд Ш.Сугияма нар ахалж оролцов.
Уулзалтаар хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны хөгжил, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчлахдаа тус улсын парламент дээр үг хэлж, хоёр тал Стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болсныг японы тал онцлов.
Дэд сайд Д.Ганхуяг Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, боловсрол, иргэдийн солилцоо гээд бүхий л салбарт өргөжин тэлж, бүс нутгийн болон олон улсын тавцанд ч эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв.
Цаашид Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, нэн ялангуяа эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.
Эл хүрээнд манай Засгийн газар Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /КЭЙДАНРЭН/, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага /ЖЕТРО/-тaй хамтран ирэх 7 дугаар сард Токио хотноо Монгол, Японы бизнес форум зохион байгуулахаар ажиллаж байна.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар, ГХЯ-ны АНДГ-ын захирал Ч.Баярмөнх, Японы ГХЯ-ны Хятад, Монголын Нэгдүгээр хэлтсийн дарга А.Уэно нарын албан хүмүүс оролцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.