Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Сүхболдыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. Гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа үйл ажиллагааг зохицуулах, уялдаа холбоог хангах чиг үүрэгтэй Төрийн захиргааны удирдлагын газар нь боловсон хүчний нөөц бүрдүүлэх, гадаад, дотоодод томилох, бүх шатны сургалтад хамруулах, тендер шалгаруулах зэрэг олон асуудлыг Төрийн захиргааны удирдлагын газар хэрэгжүүлдэг байна. Энэхүү эрх мэдэл, үүрэг хариуцлага өндөртэй газрын даргаар ажиллаж байсан С.Сүхболд албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн удаа дараа хууль бус үйлдэл гаргаад зогсохгүй Шинэчлэлийн Засгийн газрын болон сайдынхаа бодлого, шийдвэрийн эсрэг ажиллаж байсан баримтад үндэслэн ийнхүү ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь С.Сүхболдын хуурамч баримт бичиг үйлдэн албажуулж байсан зөрчил болон хууль бус тендер, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо, шийдвэрүүд аж. Тэдгээр зөрчилтэй үйлдлүүд нь Төрийн албаны болон Дипломат албаны тухай, Төсвийн тухай, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчсөнөөс гадна зарим шийдвэр, үйлдлүүд нь авлигын шинжтэй байгаа гэнэ.
Гадаад харилцааны яам нь АТГ-аас явуулсан “Шударга, ил тод байдал”-ын үнэлгээгээр бусад яамдын сүүлийг мушгиж, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын хариуцдаг үндсэн ажил уначихаад байхад С.Сүхболд өөр зүйлд буюу тендер зарлах, шалгаруулах ажилд хэт сонирхолтой хандаж байжээ. Тодруулбал, 2013 оны төсвийн тодотголоор тус яамны зарим хөрөнгө оруулалт хасагдаж хуулиар баталгаажсан байтал С.Сүхболд нь дур мэдэн тендерийн үнэлгээний хороо байгуулан төсөвт байхгүй худалдан авах ажиллагааны таван багц тендер сонгон шалгаруулжээ. Төсөв мөнгө нь хаа ч байхгүй тендер зарлан явуулснаас гадна өмнөх тендерүүдийг хүртэл будилуулан буцааж, тоног төхөөрөмжөө нийлүүлсэн компаниудыг ч хохироосон мэдээлэл байна. Энэ асуудлаар хохирогч компаниуд төрийн шатны дээд байгууллагад хандан гомдол гаргаад байгаа аж.
Мөн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс дэх Төрийн сангийн хоёр ч мэргэжилтнийг сонгон шалгаруулалттгүй Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын хувиар санал болгон томилуулсан байгаа ба тэдгээр нь эхнэрийнх нь дүү болон дотны найз нь гэх мэдээлэл байна. Гадаад харилцааны яамны хүний нөөцийн асуудлаас гадна хөрөнгө, санхүү, аж ахуйн гээд олон асуудалд сайд шууд оролцдоггүй байсан бөгөөд үүрэгт ажлаа ёсчлон хийхчиг үүрэг өгч, итгэл хүлээлгэдэг байсныг далимдуулан С.Сүхболд нь удаа дараа ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн үйлдэл гаргаж байжээ.
Гадаад харилцааны сайд Л.Болд тус албан томилогдож ирснээсээ хойш боловсон хүчний халаа, сэлгээг хойш тавьж, яамны мэргэшсэн ажилтнууд, албан хаагчдад хүндэтгэлтэй хандан хамтран ажиллаж ирсэн ч энэ удаа хатуухан сануулга өгч, бусад улстөрчдийн жишгээр өөрийн багийг бүрдүүлэх тактикт шилжих бололтой.Төрийн захиргааны удирдлагын газрын шинэ даргыг мөн ажилд нь томилж байгаа аж.
Б.ЭНХ