
Дотоодын зах зээлээ хомсдолоос сэргийлэх, мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилготойгоор ОХУ нефть бүтээгдэхүүнийнхээ экспортыг хязгаарлах бодлого нь Тажикстан, Киргиз, Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн.
Кремлийн шийдвэрээс үүдэлтэйгээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монголын импортлогчид дотоодын зах зээлд худалдаж буй дизель түлшнийхээ худалдаанд хязгаарлалт тавих болсон. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжид багагүй бэрхшээл авчраад байгаа бөгөөд энэ хомсдол хэзээ дуусах вэ гэдэгт тэд хариулт авахыг хүсч байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газраас нэг сарын хангалттай нөөц бий хэмээн мэдэгдээд байгаа ч импортлогчид дизель түлшний худалдаагаа хязгаарлах болсноо нөөц дууссантай холбож буй.
Монгол Улсад нүүрлээд байгаа дизель түлшний хомсдлыг зохиомол уу, зориудын уу гэдгийг хэлэхэд бэрхтэй байна. Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы зүгээс энэхүү хомсдлыг иргэд аж ахуйн нэгжүүд ердийнхөөсөө хэд дахин илүү хэмжээгээр дизель түлш нөөцлөх болсонтой холбон шүүмжилж буй. Үнэхээр ч иргэд аж ахуйн нэгжүүд өнөөдөр ердийнхөөсөө хэд дахин илүү хэмжээгээр дизель түлш нөөцөлж байгаа нь ч зайлшгүй гэхэд болно. Өөрөөр хэлбэл зохиомол хомсдол гэж хэлэхэд учир дутагдалтай. Яагаад гэвэл…
Тавдугаар сараас эхлээд уул уурхай, барилга, газар тариалан, зам засварын нөр их ажлууд эхэлдэг бөгөөд дээрх салбарт ашиглаж буй техник хэрэгслийн дийлэнх нь дизель хөдөлгүүрээр ажилладаг. Тэгэхээр өмнөх сарууд, тэрчлэн дөрөвдүгээр сартай харьцуулахад ч дизелийн түлшний эрэлт хэрэгцээ энэ сараас бүр ч илүү өсөх нь тодорхой юм.
Үүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Газрын тосны газар аль хэдийн олж хараад үүсч болох бэрхшээлээс сэргийлэх арга хэмжээг авчихсан байх ёстой байлаа. Учир нь уул уурхай, барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр Монгол Улсын газрын тосны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэх болсон байна. Он гарсаар Монгол Улс нийтдээ 186.4 мянган тонн автобензин, дизель түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Энэхүү үзүүлэлт шатахууны хомсдол нь зохиомол биш гэдгийн тодорхой илэрхийлэл болов уу. Тэгвэл зарим эдийн засагчийн хардаж байгаагаар зориудын шантааж байж болох уу. Кремлиэс үлээлгэх эл салхины “хар хайрцаг” нь юу байх вэ.
Үйл явдлыг эргээд харья. Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Цанхийн баруун хэсэгт зарласан тендерт Оросын “Төмөр зам” болон Японы “Сүмитомо” корпорацийн нэгдэл хүч үзэж буй. Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах энэхүү тендерт ялна гэдэгтээ илтгэлтэй байгаагаа ч оросууд ил тод зарлах болсон. Тиймээс Монголд үүсээд буй шатахууны хомсдол Тавантолгойд “эзэн” суухын төлөөх эдийн засгийн шахаа байхыг ч бас үгүйсгэх аргагүй нь. Тодруулбал, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх дизель түлшээ өнгөрсөн сараас хязгаарлах болсон нь өнөөдрийн хямралын шалтаг болоод байгаа юм.
Монгол Улс өнгөрсөн дөрөвдүгээр сард 74 мянган тонн дизель түлш импортлох хүсэлтээ Роснефть компанид тавьсан боловч тус компанийн зүгээс тал хагасыг нь буюу 34 мянган тонныг нь нийлүүлсэн бол тавдугаар сард захиалсан 84 мянган тонн дизель түлшний 34 мянган тонн нийлүүлэгдсэн гэх мэдээллийг импортлогчид өгч байгаа. Энэ нь уул уурхай, газар тариалан, барилгын салбарынханд хүндхэн цохилт болоод байна.
Хэдийгээр Монгол Улс уранаа оросуудад өгөхөөр гэрээ байгуулсан ч энэ ажил тун бүтэл муутай байгаа. Тавантолгойн коксжих нүүрсний төлөөх ОХУ-ын хүсэл Монголын эрхбаригчдад Тавантолгой юу, шатахуун уу гэдэг нэгэн томоохон толгойны өвчинг үүсгэсэн бололтой. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсыг шатахууны хомсдлоос гаргах үүрэг аваад Москваг зорьсон нь цаанаа хар дагуулах шалтгаан болоод байна.
Шатахууны хомсдол Монголын олон салбарт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Тэр тусмаа Монголын хөгжлийн тулах цэг нь болоод байгаа уул уурхай, хүнсний хангамжтай холбоотой газар тариалангийн салбарт багагүй алдагдал авчрах нь тодорхой. Монгол Улсын нийт экспортын 80 орчим хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүлдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд хэрвээ Монголд нүүрлээд байгаа шатахууны хомсдол энэ хэрээрээ багагүй хугацаанд үргэлжилбэл, улсын төсөвт орж ирдэг мөнгөний тоо буурах нь ойлгомжтой юм. Тодруулбал, 2011 онд уул уурхайн салбараас нийт 873 тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн бөгөөд Кремлийн муухай ааш монголчуудын төлөвлөгөөг тасалдуулж магадгүй нь бололтой. Түүнчлэн газар тариалангийн салбарт нийтдээ 17 мянган тонн шатахуун хэрэгтэй гэсэн тооцоог салбарын яамнаас гаргасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалангийн томоохон компаниудынхаа хаврын тариалалтыг хэвийн явуулахад багагүй анхаарч буй бол жижиг, дунд аж ахуйн нэгжүүд шатахууны хомсдлоос болоод тариалалтаа хийж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна. Авто зам засварын ажил ид эхлэхтэй зэрэгцэн шатахууны хомсдол нүүрлэсэн нь аж ахуйн нэгжүүд ажлаа хэвийн явуулж чадахгүйд хүрчээ. Энэ бүхнээс харахад шатахууны хувьд хойд хөршөөсөө зуун хувь хараат Монгол Улсын эдийн засгийн халалт хөрөлт ердөө л оросуудын тааллаас шууд хамаарах нь тодорхой болж.
Арваад жилийн өмнө анхны Ерөнхийлөгч П.Очирбат хар алтаар энгэрээ мялааснаас хойш өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 19 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дотоод, гадаадын 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Номгон-IX талбайд Газрын тосны газар “Сансрын геологи хайгуул” компанийн хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг Засгийн газраас хэлэлцсэн байна. Засгийн газраас гаргасан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар яригдаж буй. Тэгвэл Газрын тосны газрын гаргасан мэдээгээр Монгол Улсын газрын хэвлий дор 1.6 тэрбум тонн газрын тосны нөөц бий аж. Энэ тоон үзүүлэлтээрээ Монгол газрын тос олборлогч 100 гаруй орноос 33 дугаарт жагсдаг гэнэ. Тамсагийн сав газарт гэхэд л 119.2 сая тонн түүхий тосны нөөцтэйг тогтоогоод бай¬гаа юм байна. Энэ нь монголчуудын 40,50 жилийн хэрэгцээг хангах газрын тосны нөөц гэнэ. Тэгэхээр шатахууны хомсдол нүүрлэсэн эдгээр өдрүүдээс харахад Монгол Улс цаашдаа ОХУ-ын шантаажийг амсаад байх уу, аль эсвэл газрын тосоо боловсруулах уу гэдэг салаа замын нэгийг сонгохоос өөр гарцгүй болж.