Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан боллоо

 

  Аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2014 оны 6-р сарын 26-нд боллоо. Хуралдаанд оролцвол зохих 31 төлөөлөгчөөс 29 нь оролцсон бөгөөд хуралдааны дэд даргаар төлөөлөгч Т.Оюунцэцэг, редакцын комиссод төлөөлөгч С.Дангаасүрэн, А.Түвшинжаргал, Г.Баатарсүрэн нар ажиллалаа. XVII хуралдаанаар нийт 6 асуудал хэлэлцэв.


     Аймгийн хүн амын эрүүл мэндийн бодлогын хэрэгжилт, зохион байгуулж буй ажил, цаашид баримтлах бодлогын  тухай илтгэлийг Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа тавьж хэлэлцүүллээ. Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд “Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах талаар 2014-2016 онд баримтлах бодлого”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганхуягт даалгалаа.


      Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 2013 оны санхүүгийн аудитын нэгдсэн дүнгийн тухай илтгэлийг Орхон аймгийн Аудитын газрын аудитын менежер Б.Байгаль тавьж хэлэлцүүллээ.


      Аймгийн 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2014 оны тодотгосон төсвийн тухай илтгэлийг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ тавьж хэлэлцүүллээ. Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд “2013 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Автозамын сангийн тодотгосон хөрөнгө батлах тухай”, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төсвөөс зарцуулах тодотгосон хөрөнгө батлах тухай”, “Орон нутгийн хөгжлийн сангийн тодотгосон хөрөнгө батлах тухай”, “Орон нутгийн төсвийн орлогын шилжих үлдэгдлээс зарцуулах тодотгосон хөрөнгө батлах тухай”, Эрдэнэт сангийн орлого, санхүүжилтээр хийгдэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны тодотгосон зардал батлах тухай” гэсэн тогтоолуудыг баталлаа.

Хязгаарлалтын бүс тогтоох, журам батлах тухай илтгэлийг Аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Машбат хэлэлцүүллээ. Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Эрдэнэт хотын агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс, бүсэд мөрдөх журмыг баталлаа.


    Сархиа уулын зүүн энгэрт баригдах орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэлийг Аймгийн ГХБХБГ-ын дарга М.Манлайбаатар хэлэлцүүллээ. Төлөөлөгчид асуудлыг хэлэлцээд Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр, Сархиа уулын зүүн энгэрийн 120га газарт баригдах “Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.


     Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багийн гэр хороолол /ПДУ-н хэсэгт/-ыг төвлөрсөн халаалт, инженерийн шугам сүлжээнд холбох төслийг Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал танилцуулж хэлэлцүүллээ. Хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн  гэр хороолол /ПДУ-н хэсэг/-ыг төвлөрсөн халаалт, усан хангамжийн шугамд холбох, одоо байгаа бохирын шугамыг  сэргээх шинэчлэх  ажлыг хэрэгжүүлэхийг дэмжлээ.

Аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдааныг орон нутгийн Номин телевизээр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимаас шууд дамжуулсан бөгөөд 7035-0494 дугаарын утсыг танхимд ажиллуулж иргэдийн асуулт, санал хүсэлтэд холбогдох хариултыг хуралдааны дундуур өгч ажиллалаа.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж