Английн талыг буруутгах уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Английн талыг буруутгах уу?

Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн Ажлын албаны дарга Б.Хур­цыг Европын холбооны ул­сын баривчлах захирамжийн дагуу Германы талд шилжүүлэх эсэхийг шийдэх хурал өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Лондонд болов. Энэ нь давж заалдах шатны шүүх хурал бөгөөд анхан шатны шүүхээс түүнтэй холбоотой хэр­гийг Германы талд шилжүүлэх шийд­вэрийг энэ оны хоёрдугаар сарын 18-нд гаргаж байсан юм.

Энэ удаагийн шүүх хурал Мон­голын цагаар 18.00 цагт Лондонд хатан хааны шүүхийн танхимд эхэлж анхан шатны шүүхийн шийдвэр хуу­лийн хүрээнд гарсан эсэхийг хянахдаа  хоёр талаас бүр­дүүл­сэн нотлох баримтуудыг няг­талж үзжээ. Ингээд хоёр цаг хэртэй үргэлжилсэн давах шатны шүүх хурлаар нэмэлт ажиллагаа явуулах  шаардлагатай гэж үзэн ирэх сарын 21-ний өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна.

Давж заалдах шатны шүүх ху­ралд Б.Хурцын өмгөөлөгч Алан Жонс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сэр Э.Лаутерфахт нар оролцсон байна. Мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Мон­гол Улсаас Их Британи улсад суу­гаа Элчин сайд Б.Алтангэрэл, Элчин сайдын яамны зөвлөх консул Н.Батаа, мөн Б.Хурцын эхнэр, хүү нь оролцжээ.

Харин Их Британийн  талыг тус улсын прокурорын байгууллагын төлөөлөгч ноён А.Уоткинс, Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны хуулийн зөв­­­лөх хатагтай С.Доббин нар төлөөл­жээ. Монголын цагаар 18 цагт эхэлсэн шүүх хурал мэтгэлцээнээр үргэлжилж, хоёр талын нотлох баримтуудыг дээд шүүхийн танхи­мын шүүгч Лорд Мосес нар авч хэлэлцэн олон улсын эрх зүйн тодорхой үндэслэлээр тайлбар гар­га­сан өмгөөлөгч Алан Жонсын  баримтуудтай нягтлан  танилцаж Их Британийн талаас нэмж баримт гаргах шаард­лага­тай гэж үзэж шүүх хурлыг хойш­луулсан байна. Энэ үеэр шүүгч Мосес хоёр талын мэтгэлцээний дараа Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны хүсэл­тийн дагуу нэмэлт баримтуудыг зургадугаар сарын 6-ны өдрөөс өмнө Дээд шүүхэд ирүүлэх хэрэгтэйг сануулсан аж. Тиймээс энэ удаагийн шүүх хуралд Монголын талаас давж заалдахдаа ямар үндэслэлүүдийг нэмж гаргасан, цаашид хэрхэхийг Гадаад харилцааны яамны дэд сайд  Б.Болороос тодрууллаа.

-Манай талаас давж заалдах шатны шүүх хурлын үеэр нэмж баримтууд гаргасан гэсэн. Их Британийн эрх бүхий албаныхныг буруутгах ямар үндэслэл нэмж тавьсан бэ?

-Манай талын өмгөөлөгч Алан Жонс Монгол Улсын иргэн,  дипломат ямба эрхтэй Б.Хурцын олон улсын конвенцийн хүрээнд дипломат ямба, дархан эрхийг зөр­­чин баривчилсан гэх нотлох барим­туудыг шүүх хурлын үеэр тавьсан. Тиймээс давж заалдах шатны шүүх хурлын үеэр мөн л энэ үндэслэлээр Их Британийн талынх­ныг буруутгасан нотолгоог гаргасан. Шүүх хурал хойшилсон учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөх боломжгүй. Манай талыг төлөөлсөн өмгөөлөгчдийн баг нэмж баримт нотолгоо цуглуулж, дүн шинжилгээ хийх зэргээр нэлээд нухацтай ажиллаж байна. Их Брита­нийн талаас энэ удаагийн шүүх хурлын үеэр  шүүгчид  Б.Хурцыг Гер­­маны талд шилжүүлэхэд нэмэлт баримт шаардлагтай гэж үзсэн юм билээ.

-Анхан шатны шүүх хурал өн­гөр­сөн хугацаанд маш олон удаа хойшилж байсан. Давж заалдах шат­ны шүүх хурал хэд хэдэн удаа хойшлох юм биш байгаа?

-Тодорхой хэлж мэдэхгүй бай­на. Анхан шатны шүүх хурлыг олон удаа хойшлуулсан нь манай талаас гаргасан нотолгоо, баримттай танилцах хугацаа хэрэгтэй гэж шүүг­чид үзсэн байх. Хэрэв Б.Хурцыг Германы талд шилжүүлэх нотлох баримт хангалттай байсан бол шүүх хурлыг удаа дараа хойшлуулахгүй шийдвэрлэх байсан л даа.

Н.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж