АТГ-ын энэ шалгалтад олзуурхаж байгаа

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

АТГ-ын энэ шалгалтад олзуурхаж байгаа

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.

-Юуны өмнө Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар товч мэдээллийг өгөхгүй юу? Эндээс яриагаа эхэлье..

-Хөгжлийн банк хоёр чухал үүрэгтэй. Нэгдүгээрт, бүтээн байгуулалт хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх бол нөгөө нь татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ аль болох үр ашигтай, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулах үүрэгтэй юм. Үүнийхээ хүрээнд банкны ажил маш сайн явж байгаа. Жишээ дурдвал, хамгийн сүүлд манай санхүүжилтээр хийгдсэн 50 мегаваттын хүчин чадалтай Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орчихлоо. Энэ бол сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад эрчим хүчний салбарт хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтын ажил. Мөн нэг сая тоннын хүчин чадалтай Хөтөлийн цемент шохойн үйлдвэр манайхаас санхүүжилт аваад ашиглалтад орчихсон байна. Энэ мэтчилэн жишээнээс харахад манай банк байгуулагдаад удаагүй ч гэсэн ажил маш сайн явагдаж байна. Эхнээсээ үр дүн нь гараад эхэлчихлээ. Мөн энэ оны хувьд Улаанбаатар хотын эрчим хүч, барилгын дэд бүтцийн ажлууд хийгдээд явж байна. “Гудамж” төслийн ажил ч гэсэн эрчтэй үргэлжилж байгаа. Энэ долоо хоногтоо багтаан Цэцэг төвийн уулзварыг ашиглалтад өгөх байх. Хурдны замуудын ажил ТЭЗҮ нь хийгдээд, ажил нь эхлэх гэж байгаа.  Аймгийн төвүүдийг холбосон автозамын ажил ч гэсэн  ажил нь хийгдээд явж байна. Түүнчлэн олон нийтэд хараахан хүрч амжаагүй нэг төсөл хөтөлбөрийг дурдах юм бол Улаанбаатар хотыг эрчим хүч, дулаанаар хангадаг нүүрсний гол эх үүсвэр болох Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлын өргөтгөлийн ажил манай банкнаас санхүүжигдээд дуусчихаад байгаа. Ингэснээр хүчин чадал нь жилд 4.5 сая тонныг давчихлаа. Гэх мэтчилэн маш их үр ашигтай сүүлийн 20, 30 жил хийгдээгүй байсан ажлууд хөрөнгийн эх үүсвэр нь гарч ирснээр хийгдэж дуусаад, зарим нь хийгдээд явж байна. Хувийн хэвшилд ч ялгаагүй бондын хөрөнгөөс урт хугацааны, бага хүүтэй санхүүжилтийг өгөөд, төслүүд эхнээсээ ашиглалтад ороод эхэллээ. Тийм болохоор бидний үйл ажиллагаа эдийн засагт эерэг нөлөөтэй байж чадаж байна гэж дүгнэж  байна.

-Хөгжлийн банкны хөрөнгийн хэмжээ ямар хэмжээнд хүрсэн бэ?

-Хөгжлийн банкны хувьд залуу байгууллага. Гэхдээ нийт хөрөнгийн хэмжээгээрээ эдийн засаг, санхүүгийн салбарт эзлэх байр суурь нь өндөр болсон. Арилжааны банкны системтэй харьцуулаад үзэх юм бол хөрөнгийн хэмжээгээрээ гуравт жагсахаар том банк болчихоод байж байна. 2012 оны жилийн эцэст гэхэд нийт хөрөнгийн хэмжээ 900 хүрэхгүй тэрбум төгрөг байсан бол 2013 оны жилийн эцсээр 3.2 их наяд төгрөг давсан. Харин одоогийн байдлаар 4.5 их наяд төгрөг давчихсан байна. Энэ нь урт хугацаатай, бага хүүтэй бондын хөрөнгөөр санхүүжилт хийж байгаагийн үр дүн юм. Тэр ч утгаараа бүх ажлаа дунд, урт хугацаанд харж, төлөвлөж хийдэг. Олон улсад ч гэсэн манай банкны нэр хүнд өсч байна.

-Хөгжлийн банкны үйл ажиллагаа маш сайн явагдаж байна гэж та хэллээ. Гэтэл Хөгжлийн банкны удирлагууд болон энэ банкнаас санхүүжилт аваад хийгдэж байгаа төсөл хөтөлбөрийн захирлуудыг АТГ шалгаж байна гэсэн мэдээлэл гарч эхэллээ?

-АТГ-ын шалгалт эхэлсэн юм билээ. Энэ хүрээнд өчигдөр манай банкин дээр ажиллагаа явагдаад, АТГ-ын шалгалт орж ирээд, зарим материалуудыг шалгахаар аваад явсан. Шалгалтын үр дүн нь хурдан гараасай л гэж хүлээгээд сууж байна. Яагаад гэвэл бүтээн байгуулалтын ид үе явагдаж байгаа энэ нөхцөлд манай банкны үйл ажиллагаа  сааталгүй явах нь чухал шүү дээ. Тиймээс АТГ-аас мэргэжлийн  шуурхай ажиллаад, үр дүнгээ хурдан гаргана гэж найдаж байна.

-Зарим мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүр зогсоож байгаад шалгалт хийсэн гэсэн байна. Үнэхээр үйл ажиллагааг нь зогсоох хүртэл шалгалтыг хийсэн юм уу?

-Үйл ажиллагааг зогсоогоогүй. Гэхдээ шалгалт явж байсан болохоор тодохой хэмжээгээр зарим хэсэгт хязгаарлалтыг хийсэн. Одоо бол үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явж байна. Гэвч түрүүн хэлсэнчлэн манай банкны зарим материалуудыг шалгахаар аваад явсан болохоор бага зэрэг үйл ажиллагааны хязгаарлалтад орж л байна. Үүнтэй холбоотойгоор бас нэг юм хэлэхэд, Хөгжлийн банкны үйл ажиллагаа олон нийтэд тэр болгон нээлттэй байдаггүй гэсэн шүүмжлэлд өртөж байсан. Гэхдээ тэрийг бид залруулж чадсан гэж бодож  байгаа . Сэтгүүлчидтэй нээлттэй уулзаж Хөгжлийн банк гэж юу болох, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлсэн. Мөн УИХ-ын чуулган дээр хүртэл бондын зарцуулалтын талаар хэд хэдэн удаа танилцуулж байсан. Манайх  цахим хуудсаараа мөн бүх бондын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн мэдээллийг байнга мэдээллэж байгаа.

-Аудит болон бусад хуулийн байгууллагууд Хөгжлийн банкинд хэр их шалгалт хийдэг вэ?

-Ер нь хуулийн хүрээнд манай банкны үйл ажиллагааг байнга шалгадаг. Байгуулагдсанаасаа хойш жил болгон Үндэсний аудитын газраас санхүүгийн аудит орсон. Мөн Өнгөрсөн жил гүйцэтгэлийн аудит орсон. Бүгдэд нь зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн байгуулагдсанаасаа хойш гурван удаа Олон Улсын аудитын байгууллагаар Олон улсын санхүүгийн стандартын дагуу санхүүгийн  аудит хийлгэсэн. Энэ дагуу мөн зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Түүнээс гадна хуулиараа санхүүгийн аудитын тайланг хоёр жилд нэг удаа УИХ-д танилцуулж байх шаардлагатай байдаг. Үүний дагуу 2013 оны жилийн эцсийн тайлангаа холбогдох байгууллагуудад нь хүргүүлчихээд байж байна. Удахгүй хэлэлцэх байх.Тэгэхээр байнга шалгалтад ордог учраас АТГ-ын шалгалтад онцгой ач холбогдол өгөхгүй байна. Өмнө нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ч гэсэн шалгалт явуулж байсан, одоо АТГ бүр өргөн хэмжээний шалгалт хийж байна. Нэг талдаа АТГ-ын энэ шалгалтад олзуурхаж байна.

-АТГ та бүхнийг шалгаж эхэлсэн л гэхээс биш, яг ямар үндэслэлээр шалгаж байгаагаа хэлээгүй. Та бүхэнд ямар нэгэн тайлбар, үндэслэл хэлэв үү?

-Манай үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг шалгах шаардлагатай болсон юм байна л гэж бид ойлгож байгаа. Тэрнээс биш яг тийм үндэслэлээр, хэн хэнийг шалгах гэж байгаа талаарх мэдээлэл хараахан тодорхой болоогүй л байна.

-Зарим мэдээллийг үзвэл Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотойгоор, тэр дундаа “Гудамж” төсөлтэй холбогдуулж шалгаж байгаа гэсэн яриа яваад байна. “Гудамж” төслийн захирал Б.Батболдыг ч мөн адил АТГ шалгаж эхэлсэн гэсэн?

-Бондын хөрөнгийн зарцуулалтыг холбогдох бүх газрууд нь байнга хянаж, шалгаж байх шаардлагатай байх. Тэр утгаараа  “Гудамж” төсөл дээр шалгалт орж байгаа нь буруу зүйл гэж бодохгүй байна. Хамгийн гол нь шалгалтынхаа үр дүнг хурдан гаргаад өгвөл бид цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

-Түүнээс гадна АТГ шалгаж эхэлсэн нь Эдийн засгийн хөгжлийн сайдын огцруулах асуудалтай холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл Н.Батбаяр сайдын салбарын хүмүүсийг л шалгаад байгаа мэт зураг гараад байгаа юм. Сүүлд л гэхэд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс чагнах төхөөрөмж олдлоо?

-Тэрийг хэлж мэдэхгүй юм. Бүх шалгалтууд нь хуулийнхаа дагуу хийгдэж байгаа байх. Мэдээж хэрэг бид шалгуулах ёстой, үүрэгтэй газар. Тэр хүрээндээ шаардлагатай гэсэн бүх материалуудыг нь хүлээлгэж өгсөн. Тэгэхээр нэг их онцын анхаарал татаад байх асуудал биш байх л гэж бодож байна.

-Зориулалтын бус мөнгийг шилжүүлсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр гараад байна. Тодруулбал, Гудамж төсөлтэй холбоотой 20 тэрбум төгрөгийн асуудал яригдаад байх юм. Ямар мөнгө юм бол. Үүнээс болж АТГ шалгаад байгаа юм болов уу?

-Манайхаас бүх ажлыг гүйцэтгэлийнх нь дагуу санхүүжүүлдэг. Тухайн ажлыг хэрэгжүүлэгч нь маш олон байгууллага байгаа. Тэр утгаараа бүх ажлууд нь шаардлагатай бичиг баримтаар нотлогдсон тохиолдолд л санхүүжилтийг нь олгодог. Тэгэхээр зориулалтын бусаар санхүүжилт хийнэ гэж байхгүй. Огт үндэслэлгүй асуудал. Үүнийг тэгээд АТГ шалгаад үр дүнгээ гаргах байх. Харин тэр 20 тэрбум төгрөгийн асуудлыг мэдэхгүй юм. Хаана ямар хүн тийм тооцоо гаргасан юм бол, мэдэхгүй байна.

-Хөгжлийн банкийг улстөрийнхөнтэй холбоотой гэх мэдээлэл маш их гардаг. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк ямар нэгэн улстөрчийн карьерийг өсгөхөд үүрэг гүйцэтгэдэг гэх юм. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Хөгжлийн банкны  үйл ажиллагаагаа улс төрөөс бүрэн хараат бус явуулах ёстой. Хуулиндаа ч заасан байгаа. Тэгэхээр бид мэдээж хэрэг үйл ажиллагаагаа бүрэн хараат бусаар явуулдаг. Нөгөө талдаа Хөгжлийн банк маань Төрийн өмчит компани юм. Тэр утгаараа манай хувьцаа эзэмшигч бол Засгийн газар өөрөө байдаг. Тиймээс УИХ, Засгийн газраас гаргасан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, бодлогыг дэмжиж ажилладаг. Энэ бол аль ч орны Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулдаг зарчим.

-Хөгжлийн банкинд байршсан Чингис болон Самурай бондын үлдэгдэл хэд байгаа вэ. Яагаад үүнийг асууж байна гэхээр зарим улстөрчид бондын үлдэгдлээ юунд зарцуулахаа мэдэхгүй байж нэмж зээл авах гээд байх юм хэмээн шүүмжлээд байна?

-Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкин дээр зарцуулагдаагүй эх үүсвэр гэвэл 1.6 их наяд төгрөг байгаа. Санхүүжилтийн хувьд  явц сайн байгаа. Ойролцоогоор жилийн өмнө манай банкнаас  олгосон зээлийн хэмжээ 1  их наяд төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин одоогийн байдлаар хийгдсэн нийт санхүүжилтийн хэмжээ 2.7 их наяд болжээ.  Энэ бол гүйцэтгэлээр нь олносон санхүүжилт . Хийгдээгүй ажлын төлөө нэг ч төгрөг гаргадаггүй. Тэр утгаараа  ажлууд  үргэлжилж байгаа болохоор  тэр хэмжээгээр  санхүүжилт нь олгогдоод явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

С.САНЧИР

Эх сурвалж: www.eagle.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж