Хууль зөрчсөн прокуроруудтай мэтгэлцэнэ гэв | News.MN

Хууль зөрчсөн прокуроруудтай мэтгэлцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн прокуроруудтай мэтгэлцэнэ гэв

Дээд шүүх болон Улсын ерөнхий прокурорын газрын буруутай үйл ажиллагааны талаар  баримтыг “Хүний эрхийн хяналтын төв” төрийн бус байгууллагаас  өнгөрсөн баасан гаригт олон нийтэд дэлгэсэн юм. Тус төрийн бус байгууллагын дарга О.Нацагдорж Дээд шүүх, Улсын ерөнхий  прокурорын газрын  буруу шийдвэрээс болж  хоёр иргэн зургаан жилийн өмнө зээлсэн  40 сая төгрөг авч чадахгүй байгаа талаар баримт дэлгэв. М.Гандэлгэр, Т.Батбаяр нар Өмнөд Солонгос улсад хамтран амьдарч байх хугацаандаа “Бөөн цагаан нуур” хадгаламж зээлийн хоршооны төлөөлөл болох С.Энхзаяад  2005 онд 40 сая төгрөгийн  зээл өгчээ. Гэвч хадгаламж зээлийн хоршоог төлөөлөн С.Энхзаяа гэрээ хийж харилцан тохиролцон 40 сая төгрөгийг 80 сая болгож  буцаан төлөхөөр авч байжээ. Гэтэл  одоо С.Энхзаяа нь дээрх  мөнгийг  аваагүй гэх бөгөөд хийсэн гэрээ, нотлогоо, холбогдох  бичиг баримт байсан  атал Дээд шүүх болон хяналт тавьсан  прокурор нь уг  хэргийг  удаа дараа мөрдөн байцаалтад буцааж хэргийг хэрэгсэхгүй болгон, хууль зөрчсөн гэж тус байгууллагынхан үзэж байгаа гэнэ.

Дээрх зээлсэн мөнгөнөөс С.Энхзаяа  12 сая 570 мянган төгрөг М.Гандэлгэрт  хүлээлгэн өгчээ. О.Нацагдорж “М.Гандэлгэр, Т.Батбаяр  нар шүүхэд хандсан боловч энэ мөнгийг С.Энхзаяа биш н.Үржинбадам гэдэг хүнтэй гэрээ хийсэн гэж Дээд шүүх үзсэн байна. С.Энхзаяатай гэрээ хийсэн бичиг баримт, хадгаламжийн дэвтэр зэрэг нотлох баримт байхад Дээд шүүхээс ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна” гэжээ.  Тиймээс  ийм шийдвэр гаргасан шүүгч, прокурорт арга хэмжээ авч, ажлаас халахыг шаардаж Хууль зүйн байнгын хороонд хандсан байгаа” гэж байсан.  Гэтэл уг  хэргийг шийдвэрлэхгүй байсаар хүчингүй болгосон байна. Тиймээс 2010 оны арваннэгдүгээр сард  Улсын  ерөнхий прокурорт гомдол гаргажээ. Эл гомдолд Улсын прокурор “Бөөн цагаан нуур” хадгаламж зээлийн хоршооны  С.Энхзаяа нарт холбогдох хэргийг 2007 онд давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, тодорхой ажиллагаануудыг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Мөн М.Гандэлгэр, Т.Батбаяр нарыг хохирогч биш гэж үзэн давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгожээ. Тиймээс прокурорын байгууллага хянаж энэ хэргийг Улсын прокурор хянах хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн шийдвэрийг гаргасан нь буруу гэж  Хүний эрхийн хяналтын төв” төрийн бус байгууллага үзэж байгаа аж. Энэ талаар  Хүний эрхийн хяналтын төв” ТББ-ын дарга О.Нацагдоржоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэ хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн ямар үндэслэл байсан юм бол. Та судалж үзэв үү. Шүүх прокурорын байгууллага хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Дээд шүүх, Улсын прокурор хоёр нэг нь хяналт тавьдаг, нөгөө нь шалгадаг байгууллага. Хоёр иргэн 40 сая төгрөгөөр хохирсон нотолгоо, баримт, хадгаламжийн дэвтэр, гэрээ нь байхад ийм шийдвэр гаргаж байна гэдэг нь буруу юм. Дээд шүүхээс гаргасан бас нэг буруу шийдвэр нь н.Үржинбадам гэгч этгээдтэй гэрээ хийж мөнгө авсан гэсэн шийдвэр. Гэрээнд С.Энхзаяа гэсэн гарын үсэг, нэр, тамга тэмдэг байгаа. н.Үржинбадам гэгч нь гэрээ хийж байхад хамт байсан танил нь. Гаргасан шийдвэрээ эргэж нэг харах, Хууль зүйн яам нь арга хэмжээ авахгүй бол бид дараагийн шатны байгууллагад нь хандах болно. Дээд шүүх энэ хоёр иргэнд холбогдох хэргийг шийдэхдээ хоршоодын хуулийн зээлийн гэрээ хийх шаардлагагүй байсан гэж үзсэн. Харин хоршоодын хуулинд иргэнтэй заавал зээлийн гэрээ хийж зээл олгох, авах ёстой гэсэн байдаг. Энэ хуулийг үндэслэвэл гэрээ хийсэн учраас хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа юм. 

-Гэрээ хийсэн С.Энхзаяа одоо хаана байгаа вэ?

-С.Энхзаяа хоригдож байгаа. Хадгаламж зээлийн хоршоо дампуурч, тус хоршооны дөрвөн хүн шоронд ял эдлэж байгаа. Тэднээс С.Энхзаяа ганцаар хоригдож байгаа, бусад нь гарсан. Хэдийгээр тэр ял эдлэж байгаа ч хохирсон иргэдийн мөнгийг төлөх ёстой. Харин тэр хүн хууль, хяналтын байгууллагад олон танилтай бололтой. Тэгээд л энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж бид үзэж байна.

-Хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээх зайлш­гүй шаардлагатай юм бол та бүхэн дээд шатны байгууллагад нь хандах уу?

 -Бид УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хандсан. Мөн Улсын прокурорт шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагад шийдвэр гаргасан шүүгч, прокурорыг ажлаас нь халж, арга хэмжээ авахыг шаардсан. Бид энэ хэргийг шийдвэрлэх хүртэл нь хандах ёстой бүх газарт хандах болно.

-Шүүх, прокурорын байгууллагатай мэт­гэл­цэнэ гэсэн үү?

-Тиймээ.  Манай төрийн бус байгууллагыг төлөөлж би дээрх шийдвэр гаргасан хяналтын байгуууллагын ажилтнуудыг олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцэх санал тавьсан. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч М.Дамирансүрэн, Д.Эрдэнэчулуун мөн Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт нарыг нээлттэй мэтгэлцэхийг урьж байна. Үнэхээр гаргасан шийдвэр нь үнэн бол  бидэнтэй мэтгэлцэхээс татгалзахгүй байх.

Ш.ЧИМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-05-16 182.160.43.50

40-С ДЭЭШ НАСНЫ ХҮНД АНУ-ЫН ВИЗ ГАРГАНА
УТАС 88128150

Avatar

zochin 2011-05-16 203.91.117.4

39 nastai bolo boloh uu

Avatar

Зочин 2011-05-16 182.160.43.50

Хотын төвд баянзүрх захын урд шинээр баригдсан 79 м2 бүхий 2 ӨРӨӨ БАЙРЫГ ЗАРНА Toyota маркийн монголд яваагүй ШИНЭ МАШИН ОРОЛЦУУЛЖ БОЛНО

УТАС 9913-7275

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж