“Хөөгдсөн” Д.Зоригт, “Баригдсан” Б.Хурц

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

“Хөөгдсөн” Д.Зоригт, “Баригдсан” Б.Хурц

Хүзүүндээ олс углацгаав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ам, өчиг өгч байна. Тэрбээр өөрийнх нь нэр таагүй байдлаар холбогдсон сүүлийн үеийн мэдээллүүдийг үгүйсгэж, хэрэв “энэ бүх няцаалтаас аль нэг нь худлаа гэдэг нь баримтаар батлагдвал миний бие сайдын болоод УИХ-ын гишүүний албан тушаалаас татгалзах болно гэдгээ хатуу мэдэгдэж байна” гэж баасан гаригт ам тангараг өгөв. Нэгэнтээ МАХН шинэчлэлийнхээ хүрээнд нэрээ сольж Ардын нам болох үед үүнээс гарах үр дагаврын хариуцлагыг би хүлээнэ гэж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ам гарч байсан билээ. Тун ч их айлгаж, өөрт буй нэр төр, өндөр дээд албан тушаалаараа дэнчин тавьсан ам, өчгүүд байгаа биз?!
“Ахиад оролдвол амиа хорлолоо шүү” гэж айлган туниж, хүзүүндээ олс угласан хүний тоо өнгөрсөн долоо хоногт ганц сайдаар тогтсонгүй. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбооны морьт жагсагчид өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж, хариуг нь 72 цагийн дотор өгөхгүй бол эцсээ хүртэл тэмцэнэ, эндээс гарах сөрөг үр дагаврыг “та хүлээнэ шүү” гэж айлгажээ.

Иргэний хөдөлгөөнийхний энэ тунирхал ч яахав, арга ядсан хүний амнаас гарах л үг гэж бодоход Хууль зүй, дотоод хэргийн сайдын ам, өчиг юу өгүүлнэ вэ. “Хэрэв хууль бус зүйл үйлдсэн маань шүүхээр нотлогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн бол илүү ойлгомжтой л байлаа. Гэхдээ муугүй байх аа. Яагаад гэвэл Монголд улстөрчид өөрийн гэмээ ухаарч өндөр дээд албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж байсан тохиолдол үгүй. Тэр ч байтугай хариуцлага тооцох эрх бүхий этгээд эрх, үүргийнхээ дагуу хяналтаа хэрэгжүүлэх гэхэд өөдөөс нь нударга зангиддаг жишиг хавтгайрчихаад байгаа цагт Ц.Нямдоржийн хувьд харин ч эр зориг гаргасан хэрэг болох байх.

Хөөрхий гишүүд ба хоёр дахиа босоо үлдсэн Д.Зоригт

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг УИХ хэлэлцсэн нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлуудын нэг байв. Анхнаасаа л түүнийг огцруулахгүй нь тодорхой байсан учраас УИХ-ын чуулган дээрх санал хураалтын дүн гойд сонирхол татсан зүйл байж чадаагүй гэхэд хилсдэхгүй.

Д.Зоригтыг огцруулах үндэслэлд үнэний хувь байгаа эсэхийг нягтлахаасаа өмнө  түүнийг огцруулах асуудлыг тавиад байгаа гишүүдийн эл байдалд хачирхсан хүмүүс л олон байсан. УИХ Засгийн газартаа хяналт тавих эрх, үүрэг хүлээсэн субъект. Энэ дагуу гишүүдийн хэн нь ч ийм асуудлыг босгож ирсэн хачирхах зүйл уг нь байхгүй. Нэг үгээр бол зүй ёсны л хэрэг. Гэвч өнөөдөр зүй ёсны эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэж байгаа хөөрхий гишүүд л буруу хэрэг өдүүлсэн мэт нүд үзүүрлүүлээд өнгөрөв. Хувийн өс хонзонгоор ингэлээ л гэнэ, дургүй учраас тэглээ л гэнэ. Засгийн газартай хариуцлага ярьсан гишүүд хачирхал төрүүлдэг болсон энэ үзэгдэл Монголын улс төрд сөрөг хүчин алга болж, бүгд нэг нэгнийхээ толгойг илэх болсноос үүдсэн гажуудал байх.  Юутай ч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хоёр дахиа босоо үлдэж, түүнтэй хариуцлага яригсад “нүдээ ухуулав”

Хүн хулгайлсан Б.Хурцыг баривчилсан түүх

Энэ түүх өнгөрсөн долоо хоногт дахин олны анхаарлын төвд орж ирэв. Учир нь түүний хэргийг шүүх хурал баасан гаригт болж, Монголын тал Б.Хурцыг англичууд хууль бусаар баривчилсан болохыг нотлох баримтыг нэмж дэлгэлээ. Францын нутаг дэвсгэр дээр хууль бус баривчилгаа явуулсан гэх хэрэгт баривчлагдаад байгаа Б.Хурцыг эргүүлээд хууль бусаар барьсан гэдэг нотолгоог л монголчуудын хөлсөлсөн өмгөөлөгч удаа дараа дэлгэж байгаа бололтой. Баасан гаригт болсон шүүх хуралд түүний өмгөөлөгч мөн л нотох баримтаа хүч нэмэгдүүлсэн тул Английн шүүх тэдгээртэй танилцах хугацаа шаардлагатай гэж үзэн хурлыг хойшлуулжээ.

Монгол Улсын иргэн Д.Энхбатыг Францаас хулгайлж авчрах тушаалыг тэр үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд өгөөгүй гэдэг үгийг удтал хадгалсны эцэст Ц.Нямдорж дээрх шүүх хурал Лондонд болдог өдөр Улаанбаатарт унагасан нь бас л сонирхолтой юм. Тэгвэл үүнээс ч хачирхалтай үгийг иргэний хөдөлгөөнийхний Ерөнхийлөгчид өргөсөн шаардлага дотроос олж болно.

Улс төрийн намуудын оролцоогүй сонгууль

Ийм шинэ нэр томьёог Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбооныхон улс төрд гаргаж ирлээ. Тэд Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагадаа  “ард нийтийн санал асуулга явуулж, ээлжит бус сонгууль хийх, ээлжит бус сонгуулийг  улс төрийн намын оролцоогүй байлгах”-ыг хүсчээ.
Төрийн эрхийг хүссэн, хүсээгүй ч улс төрийн намуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Улс төрийн намын үндсэн үйл ажиллагаа, зорилго бол сонгуульд оролцох, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх. Хөдөлгөөнийхөн ямар онол бодож олсон, юу хүсч байгааг ойлгохгүй юм. Тэднийхээр бол дан ганц иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагынхан, бие даагч нар оролцсон сонгуулийг шаардаад байгаа бололтой. УИХ, Засгийн газрыг тараах шаардлага тавьж байсан тэд энэ удаад төрийн эрх мэдэл авахыг хүсч байгаагаа илчлэх шиг боллоо. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдэл авна гэж яригсдаас ялгаатай нь зөвхөн өөрсдөдөө зориулсан сонгуулийн систем бий болгож байгаад сонгуулийн аргаар авахыг хүссэн нь яамай даа.

Өрийн бичгээр санхүүжих Хөгжлийн банк

Хүссэн бүхэн нь энэ бан­каар үйлчлүүлэхгүй. Зөв­хөн улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилготой, Солонгос удирдлагын багтай энэ банк өнгөрсөн долоо хоногт үүдээ нээв. Хөгжлийн банкны санхүүжилтээр 26 ажил хийхээр Засгийн газар төлөвлөгөө баталсан ч эхний ээлжинд “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” болон авто зам болон эрчим хүчний шугам сүлжээг байгуулах гэсэн дөрвөн гол хөтөлбөрийн санхүүжилтийн тодорхой хувийг энэ банкаар дамжуулан гаргах юм. “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-т иргэдийн хамгийн их хүсэн хүлээж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр багтсан байгааг ч мартаж болохгүй. Эдгээрийг санхүүжүүлэх зорилгоор 800 тэрбум төгрөгийн бонд буюу өрийн бичгийг гаргахаар болжээ. Таван жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 10 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн бонд гаргах нь тодорхой болоод буй. Энэ нь Засгийн газар анх удаад ДНБ-ний 9.8 хувьтай тэнцэх хэмжээний өрийн бичгийн баталгаа гаргаж буй явдал.

З.БОРГИЛМАА
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж