Тэмдэгтийн хураамжийн хуулийг хэлэлцэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Тэмдэгтийн хураамжийн хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын нэгдсэн чуулган өнгөрсөн баасан гаригт үдээс өмнөх хуралдаанаараа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нарын гишүүдийн болон Засгийн газраас боловсруулсан санаачилсан Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцлээ.

Хуулийн төсөлд химийн хорт бодис хилээр нэвтрүүлэхэд тухайн бодис ямар ангилалд багтах эсэхээс шалтгаалан нэг тонн тутамд 3-10 сая төгрөгийн татвар ногдуулахаар тусгасан байна. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд химийн хорт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд 75 сая төгрөгийн татвар төлж байгаа юм. Үүнээс улбаалан нийлэг материал бүхий хүнсний уут үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсооход хүрээд байгаа аж. Мөн ховор ан амьтдыг хилээр гадагш гаргахад 250 мянган төгрөгийн, мансууруулах үйлчилгээтэй эм зэргийг худалдаалахад 50 мянган төгрөгийн татвар ногдуулахаар тусгасан нь зарчимд нийцэхгүй гэсэн шүүмжлэлийг гишүүд дагуулсан юм.

Нөгөөтэйгүүр тэмдэгтийн хураамж нь улсад албан ёсоор төлж байгаа татвар гэж ойлгох, эсвэл энгийн хураамж гэж ойлгох уу гэсэн асуултыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Сангийн сайдад тавьж, хураамж нь оноосон нэрийн дагуу хураамж гэсэн нэрээр хуульд тусгана гэх хариулт авлаа. Мөн архи үйлдвэрлэгчидтэй тэмцэх үү, эсвэл худалдаалах болон хэрэглэж байгаа иргэдтэй тэмцэх үү гэдгийг хууль баталж байгаа гишүүд анхаарах хэрэгтэй гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа бар, ресторанаас авах тэмдэгтийн хураамж нь өндөр байх ёстой. 10 сая төгрөгийн хураамж төлөөд цаана нь ашигтай ажиллаж чадах цөөхөн байгууллагад согтууруулах ундаагаар үйлчлэх эрх олгох нь зүйтэй. Бар, ресторан болгонд согтууруулах ундаагаар үйлчлэх эрх олгож байгаа нь иргэдийн архидалтыг дэмжиж байна. Энэ байдлаас болоод өсвөр үеийн охид хөвгүүд архидах явдал газар авч байна. Төр өөрийн гаргасан зөв зүйтэй шийдвэртээ эзэн болж хатуу зогсох хэрэгтэй. Ингэж байж гажуудсан асуудал зөв замдаа орох болно” хэмээн хатуу шүүмжлэл өрнүүлэв. Үүний дараагийн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Ч.Улаан гаргасан бөгөөд “шинээр батласан хууль хэрэгжээд удаагүй байтал шинээр хуулийн төсөл боловсруулан УИХ-д оруулж ирлээ. Энэ хооронд хуулийн хийдэл гарч байгаа юм биш үү. Энэ хугацаанд хэчнээн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад байна. Хэрэв дахин боловсруулж УИХ-д оруулж ирсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль батлагдлаа гэхэд энэ хугацаанд тусгай зөвшөөрөл нь дууссан аж ахуй нэгжүүдээс тэмдэгтийн хураамж нэхэн авах уу” гэсэн асуултад хариулт хүсэв. Харин Сангийн сайд С.Баярцогт шинэ батлагдсан хууль өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа, хуулиас гадуур зохицуулалтгүй үлдсэн зүйл байхгүй гэж хариулав. Гэвч шүүмж дууссангүй. Ж.Энхбаяр гишүүн “шинээр боловсруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд согтууруулах ундаа үйлдвэрлэгчид болон шатахууны бизнес эрхлэгчдийг монополь болох боломж бүрдүүлсэн хуулийн төсөл байна шүү дээ” гэв.

Ингээд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нарын гишүүдийн санаачилсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад 39 гишүүнээс 30 гишүүн дэмжиж 76.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Харин Засгийн газраас санаачлан боловсруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураахад 39 гишүүнээс 29 дэмжиж 74.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Үүгээр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан юм.

Б.АЛТАНСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж