Д.Зоригтыг огцруулсангүй

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг огцруулсангүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар гишүүн С.Эр­дэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг нарын УИХ-ын даргад өргөн мэдүүл­сэн сайд Д.Зоригтыг огцруулах тухай хүсэлтийг авч хэлэлцээд “Боломжгүй” хэмээн шийдвэрлэлээ. Тодруулж хэлбэл, чуул­ганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 35 нь “Сайд Д.Зоригтыг  огцруулах боломжгүй” хэмээн үзлээ. Ийм шийдвэр гарах нь тодорхой байсан гэх боловч хуралдааны үеэр нилээдгүй шүүмж, маргаан өрнөсөн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Олон жил хөдөлгөж чадаагүй Оюутолгойн хөрөнгө оруу­лал­тын гэрээг байгуулсных нь төлөө Д.Зоригт сайдад хөшөө босго­дог­гүй юм аа гэхэд ядаж бахархах хэрэгтэй. Яагаад ажил хийгээд байгааг нь огц­руулах гээд удаа дараа асуудал тавиад байна вэ” хэмээн өмөөрсөн бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Ерөнхий сайд аа, та наад хүүхдээ ингэж зовоох хэрэггүй” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд “160 мянган гишүүнтэй МАН-д Эрдэс баялгийн сайд хийчих хүн байлгүй дээ. Энэ танхимд ч бий” хэмээн хэлээд авав.

Эдгээр саналуудаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар Д.Зоригтыг томилуулах саналыг гурван жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлж байсан С.Баярын санал, огцруулах хүсэлт тавьсан гишүүдийн нэг болох Д.Ганхуяг нарын байр суурь гол санааг үндсэнд нь гаргав.

С.Баяр “Асуудалд яаж ч хандаж болно. Огцруулъя гэж яриад байгаа сайд Д.Зоригт талаас нь яривал зөндөө л юм ярих байх. Мөнгөн  цээжтэй, алтан бөгстэй суут ухаант хүн энийг сольж болохгүй хүн гэж аль нэг нь яриагүй. Ажил хийж байгаа төрийн сайд л хүн. Эсвэл асуудлыг сайд Д.Зоригийг огцруулах ёстой гээд тавьж байгаа хүмүүс талаас нь яривал ярьж болох л байх. Тэгээд хэрэггүй. Асуудлыг Оюутолгойн гэрээ сайн,  муу болсон гээд янз янзаар яриад байж болно. УИХ-аар энэ асуудлыг мөн ч олон хэлэлцсэн дээ. Эсвэл удахгүй байгуулах Тавантолгойн гэрээ сайн,  муу болжээ гээд яривал дуусахгүй яриа болно. Гэхдээ өнөөдрийн ярианы гол сэдэв энэ биш.  Улстөрд олон жил явсан хүмүүс энэ танхимд байна, бүгд ойлгож байгаа. Зорилго нь Д.Зориг сайд биш, Засгийн газар л байгаа. Энийг мэдсээр байж, гоё гоё үгээр халхлаад яривал зөндөө юм ярьж болно. Оюутолгойн гэрээ гэж их ярьдаг.  Энэ гэрээг байгуулсан улсуудыг хэн ч ардын баатар боллоо гэж хэлээгүй. Тухайн үед Ерөнхий сайд байсан хүний хувьд ч би  тэгж үздэггүй. Ардын баатарсаад байхдаа яахав. Хийх ёстой гэрээг л хийсэн, цаг алдаж хийсэн. Хийхгүй бол горьгүй болчихсон гэрээг л байгуулсан. Ардын баатар гэж үзэж байгаа юм алга, тэгэхдээ бас адгийн ялтан гэж үзэж болохгүй, тийм хандлага гараад байх шиг. Энэ талаас нь тэгэхдээ яримааргүй байна. Би ганцхан эрх зүйн зохицуулалт талаас нь яримаар байна. Бид хоёр юм алдаж байгаа, энэ асуудлыг хэлэлцэж сууснаараа. Нэгдүгээрт зарчмаа алдаж байгаа.  Бид чинь парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай орны нэг суурь зарчим байдаг. Сонгуульд оролцсон субьект болох улстөрийн нам л үүргээ үүрч,  эрхээ эдэлдэг. Засгийн газрыг байгуулах сайдад нэр дэвшүүлэх асуудлыг улстөрийн намууд л шийддэг. Тийм учраас нэгэнт л нэр дэвшүүлээд сайд болгосон, санал оруулаад Засгийн газраа байгуулсан юм бол тухайн сайдыг татах, Засгийн газрыг огцруулах асуудлыг улстөрийн намууд л шийддэг гол субьек байх ёстой. Манайд энэ зарчим алдагдчихсан. Оруулах субьект нь нэг, огцруулах,  татах асуудлыг хувь гишүүд оруулж болдог. Би уг нь хуульч санаатай, өөртэйгээ ижил мэргэжилтэй хүмүүс, лавлагааны албаныхнаас асуулаа. Ер нь монголоос өөр парламентын хувь гишүүнээс “Тэр сайдыг огцруулмаар санагдаад байна, огцруулаад өгөөч” гэж санал тавьдаг тийм жишиг хаана байна аа, хаа ч алга.  Зөвхөн Монголд байдаг жишиг болж. Тийм учраас Монгол Улс парламентын засаглалтай юм бол бид суурь зарчмаа номоор нь болгох ёстой болов уу л гэж бодож байгаа. Монголын парламент сайдыг томилж болсон юм, огцруулж бололгүй л яахав. Тэгэхдээ асуудлыг гоё, гоё үгээр халхлаад байлгүй, зарчмын дагуу тавьж,  чин үнэн мөнөөр нь шийдэж байх нь зүйтэй юм. Түүнээс хувь гишүүдийн тавьсан асуудлыг янз янзаар дүгнэмээргүй байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Аливаа шүүмжлэл, аливаа хариуцлагыг  улстөр рүү манартал түлхдэгийг ойлгохгүй байна. Парламентын засаглалтай орны ганц баримтлах зарчим бол парламентаас баталсан хууль, тогтоолын гадуур төрд ажиллаж байгаа хэн ч гишгэх боломжгүй. Гишгэсэн байх юм бол хариуцлага тооцдог жамтай. УИХ-ын сонгууль бол намын мөрийн хөтөлбөрөөр явдаг. Сонгогдоод тангараг өргөснийхөө дараа төрийн хууль  дүрмийг дээдлэх ёстой.  Мэдэн будилаад байгаа юм уу, ямар учиртай юм ойлгосонгүй. Жишээ нь, Оюутолгойн гэрээг байгуулалгүй 10, 20 жил болсон гэж ярих юм.  Гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт өгөх эрхийн тухай асуудал УИХ-д 2007 оны долдугаар сарын 10-нд орж ирж байсан. Өнөөдөр 2011 он, дөрвөн жил болж байна. Монголын улстөрчид ингэж олон түмний толгойг угаадаг, шоуддаг, УИХ-д худлаа ярьдаг хариуцлагагүй байдал газар авлаа. Оюутолгойн гэрээний хувьд мянганы луйвар гэгчээр түрээсийн үнээ гэдэг марзан үг газар авав. Нэг нөхрөөс үнээг нь авчихаад гарсан сүүнийх нь 34 хувийг худалдаж аваарай гэдэгтэй адилхан гэрээ болсон шүү дээ. Хамгийн багаар тооцоход 1.2 тэрбум ам.долларын өртэй эхэлж байгаа, энэ тухай яагаад хэн ч ярихгүй байгаа юм. Хэрэв УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн бол Монгол Улс, монголын ард түмэнд хамгийн багаар тооцоход 15 тэрбум ам.долларын ашиг орж ирэх байсан. “Айвенхоу майнз”-ын өөрсдийнх нь хийсэн тооцоон дээр байгаа. 15 тэрбум ам.доллар бол Монгол Улсын жилийн төсвийн орлогоос тав дахин их. Монгол Улсын нэг иргэнд 5000 ам.доллараас доошгүй доллар ногдох орлого. УИХ-ын 57 дугаар тогтоолыг гэрээ байгуулахдаа мөрд гэсэн болохоос биш гэрээ байгуулсныхаа дараагаас өөрчлөлт оруулахаар ярь гэж батлаагүй. Эрх зүйн орчныг бүрдүүл гэдэг нь 30 жилээ өөрчил, 34 хувиа нийт нөөц, үнэ цэнээс хамааруулж өөрчил гэсэн санал байсан.

Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварыг өөрчлүүлэх санал оруулаад ирж байсан.  Тэрэнтэйгээ адил шийд гэж өгсөн. Тавантолгойн асуудал байна, ямар ч ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар тогтоолго гэсэн ганц заалт байгаа.  Эрдэс баялгийн сайд нь байж, Ашигт малтмалынхаа хуулийнхаа логикийг ойлгохгүй сууж байна. 800 тэрбум ам.долларын төлөөнөөс дөрөв, таван тэрбум ам.доллар өгчихөөд зүгээрээ болж байгаа гэж хэлээд сууж байж болохгүй” гэлээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дээрх шийдвэр гарсны дараа гишүүдэд хандан “Хууль нь байгаа юм чинь гээд сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг гурав, дөрөв дэх удаагаа тавьж болохгүй. Хариуцлага өндөржүүлнэ гэдэг сайныг нь дэмжиж ажиллахыг хэлнэ. Хариуцлага тооцно гэдэг хуучирсан арга болсон. Ухамсраараа өөрөөр шийдвэр гаргах ёстой. Д.Зоригт сайдад хандан хэлэхэд “Засгийн газрын сайд нараас та хамгийн их хатуужсан нь болж байна. Нэг талаар гишүүд таныг хатуужуулж байна. Ард түмэн таны ажлыг харж, үнэлэлт дүгнэлт өгнө. Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүд танд итгэл хүлээлгэлээ энэ итгэлийг дааж ажиллах ёстой. Хэрвээ УИХ хамгаалдаг юм чинь гэсэн байдлаар асуудалд хандаж ажлаа сайжруулахгүй бол ард түмэн таныг огцорсон сайд хэмээн тооцох болно. Ажилдаа дүгнэлт хийж хатуужсан боловсон хүчин болно шүү. УИХ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах ёстой” хэмээлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж