Утаагүй зуух хэрэглэгчдэд хүрч эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Утаагүй зуух хэрэглэгчдэд хүрч эхлэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр “Цэвэр агаар бэлэглэе” өдөрлөгт оролцож эрчим хүчний хэмнэлттэй зуухны анхны галыг өрдлөө. Утааг 80 хувиар бууруулах утаагүй зуухыг танилцуулах арга хэмжээнд Ерөнхий сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Мянганы сорилтын сангаас Улаанбаатарыг утаагүй болгохоор “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж, дээрх эрчим хүчний хэмнэлттэй зуухыг бүтээсэн юм. “Цэвэр агаар” төслийн хүрээнд үйлдвэрлэж байгаа энэхүү зуух нь 5-8 ханатай гэрийг халаахаас гадна амины орон сууцанд хэрэглэх бололцоотой юм байна. Түүнчлэн эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг ч төслийнхэн танилцуулж байв. Өнөөдөр нэг өрх нийт орлогын 40 хувийг түлээ нүүрсэнд зарцуулж байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл үүнийг дор хаяж 30 хувиар хэмнэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд  гаргажээ.

Чингэлтэй дүүргээс эхэлж байгаа энэ төсөл ирэх аравдугаар сар гэхэд нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжинэ. Засгийн газар Мянганы сорилтын сантай хамтран байгуулсан гэрээний дагуу зуухны үнийн 45-77 хувийг нь даах юм. Жижиг зуухыг гэхэд иргэд 70 мянган төгрөгөөр авч болох аж. Мөн бэлгийн картаар ах эгч, найз нөхөд, байгууллагынхаа ажилтан албан хаагчдад энэхүү эрчим хүчний хэмнэлттэй зуухыг авч өгөх бүрэн боломжтой. Төслийн хүрээнд урьдчилсан байдлаар энэ онд нийслэлийн 70 гаруй мянган өрхийг энэхүү утаагүй зуухаар хангаад зогсохгүй цаашид нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхийг эрчим хүчний хэмнэлтэт зуухаар хангах гэнэ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж