Хөдөлгөөнийхөн маргааш шаардлагын хариугаа авна

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхөн маргааш шаардлагын хариугаа авна

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбооныхон өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгч, УИХ-ын  76 гишүүнд шаардлага хүргүүлсэн юм. Тэд шаардлагынхаа  хариуг 72 цагийн дотор авах хүсэлт илэрхийлсэн бөгөөд энэ хугацаа маргааш дуусгавар болох аж. Хэрэв маргаашийн дотор хариу ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгохоо мэдэгдээд байгаа юм. Хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүдэд хамтран ажиллах санал тавьсан байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  хоёр зүйл бүхий шаардлага хүргүүлжээ. Нэгдүгээрт, ард нийтийн санал асуулга явуулж, ээлжит бус сонгууль хийх, ээлжит бус сонгуулийг  улс төрийн намын оролцоогүй байлгахыг шаарджээ. Хоёрдугаарт, “Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн Н.Давааг улс төрийн зорилготой баривчилсан тул 24 цагийн дотор суллахыг шаардсан байна. Тэд  20 хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байгаа юм. Харин энэ удаагийн шаардлагын хариуг өгөхгүй бол эцсээ хүртэл тэмцэнэ гэж мэдэгдэж байна. “Тэмцлийн явцад гарах сөрөг үр дагаврыг Ерөнхийлөгч хариуцах ёстой” гэж шаардлагадаа дурджээ.   

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж