Наадамд зодоглох бөхчүүд нутаг нутгийн галд гарч, бэлтгэл ид жигдэрч явна. Өнөө жилийн наадмын өнгийг илтгэж барилдах үндэсний бөхийн отгон аварга Г.Эрхэмбаяр нутгийн бөхчүүдийн хамт Төр хурах дахь “Төр хуралдай” жуулчны баазад бэлтгэлдээ гарчээ. Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахлан, бяр хүчийг нь тааруулж, бэлтгэл сургуулилтыг нь удирдаж байна.
Луу жилийн тэргүүн дэвжээгээр шалгарч байсан “Таван хан” дэвжээний галд энэ жил улс, аймаг, сумын цолтой 30 гаруй бөх нэгджээ. Ирэх ням гаригт буюу зургадугаар сарын 29-нд аваргаар ахлуулсан “Таванхан” дэвжээнийхэн галын бэлтгэл, бөхчүүдийнхээ ир бярыг сорьсон бэсрэг наадам зохион байгуулахаар болж, нутгийн олныг уг наадамдаа урилаа.
Бэсрэг наадам Төр хурах дахь “Төр хуралдай” жуулчны баазад 11.00 цагт эхлэх юм байна. Наадамд Сэлэнгэ нутгаас төрсөн урлаг соёл, спортын алдартнууд, УИХ-ын гишүүд оролцож, нутгийн бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх аж.
“Таван хан” дэвжээний зүгээс мөн Улаанбаатарт хотод ажиллаж, амьдарч буй нутгийн иргэд, сэлэнгэчүүдийгээ дэвжээний нэрэмжит бэсрэг наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Б.ЭНХ