Самбо бөхийн ААШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Самбо бөхийн ААШТ эхэллээ

Азийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо зургадугаар сарын 25-нд эхэллээ. Хэдийгээр манай тамирчид оролцоогүй ч Ази тивийн шилдэг самбочид цугласан энэхүү тэмцээнийг шимтэн үзэх таван шалтгааныг нэрлэж байна.

1. Энэ жилийн эхээр Азийн самбочид нэгэн сайхан мэдээ дуулсан нь Азийн олимпийн зөвлөлөөс самбо бөхийг Азийн наадмын хөтөлбөрт багтаасан явдал байлаа. Энэ нь Ази тивд самбо бөх хөгжих сайхан боломж, түлхэц болж өгөх нь дамжиггүй. Азийн аваргын тэмцээн дээр аль улсын тамирчид хүчтэй, аль нь хоцорч байгаа нь тодорхой болох юм.

2. Узбекстаны Засгийн газар самбод их анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө гаргах болжээ. Тиймээс тэмцээнийг үнэхээр сайхан зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийн тивийн аваргыг дээд зэргээр зохион байгуулаад энэ жилийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулах эрх авсан Өмнөд Солонгосын Сөүл хотыг давж гарахыг узбекчууд хичээж байна.

3. Насанд хүрэгчдээс гадна залуучууд, идэрчүүдийн тэмцээн болох тул ирээдүйн аварга, мастеруудыг харах боломжтойгоос гадна туршлага судлах сайхан боломж юм.

4. Ташкент хот самбо бөхийн олон тэмцээн хүлээн авч байсан түүхэн уламжлалтай. Энд зарим нь медаль хүртэж байсан бол нэг хэсэг нь ялагдлын гашууныг амсаж байсан. Ихэнх тамирчин Ташкентэд барилдаж байсан тул энэ удаад тэдний хэн нь даагаа нэхэж, хэн нь аварга болох бол гэдэг сонирхолтой.

5. Тэмцээнийг Узбекистаны телевизийн “Спорт” суваг гаргаж байга бол ФИАС-ийн албан ёсны сайтаас бөх сонирхогчдод тэмцээнийг онлайнаар шууд дамжуулан хүргэж байна. http://www.sambo-fias.org/pages/live хаягаар Азийн аваргыг хамтдаа үзэцгээе.

Б.Цагаанбаатар  /Ташкент/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж