Далайн дээрэмчний орлого 79,000 ам.доллар

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Далайн дээрэмчний орлого 79,000 ам.доллар

Сомалийн далайн дээрэмчдийн дээрэм тонуулын хэмжээ  жилд 8.3 тэрбум ам.долларт хүрч байгааг  “Геополитик” судалгааны төвөөс явуулсан судалгаа харуулжээ.  Энэ хэмжээ 2015 он гэхэд 13-15 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарчээ. Нэг далайн дээрэмчний жилийн орлого 79,000 ам.долларт хүрч байгааг дээрх судалгаа харуулсан байна. Далайн дээрэм тонуул газар авч, цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгааг судалгаа явуулсан “Геополитик”  төвийн шинжээчид анхааруулжээ. Далайн дээрэм тонуулыг зогсоох Европын холбооны  “Navfor” хүчнийхэн одоогоор 23 хөлөг онгоц, 530 барьцааны хүн сулласан байна. “Геополитик” төвийн эдийн засгийн шинжээчдийн тооцоолж буйгаар Сомалийн эрэг орчимд дээрэм тонуул хийж буй дээрэмчдийн тоо жилд 200-400-гаар нэмэгддэг байна.  2010 онд Сомалийн далайн дээрэмчид олон улсын худалдааны хөлөг онгоцуудыг дээрэмдэж 4.9-8.3 тэрбум ам.доллартэй тэнцэх бараа бүтээгдэхүүний хохирол учруулсан ажээ. Дээрэмчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, дээрэм тонуул газар авсаар байгаагаас тэдэнтэй тэмцэх нарийн тактик шаардлагатай болж буй гэнэ. Далайн дээрэм, тонуул Африк, Газар дундын тэнгис, Номхон далайн орнуудын хамгийн ноцтой асуудал болоод байна.

Засаглалын тогтолцоогүй, хууль дүрэм үйлчилдэггүй ядуу буурай орнуудад далайн дээрэм тонуул ашиг олох цорын ганц арга гэж судалгаа явуулсан шинжээчид үзэж байна.  Далайн дээрэмчдийг баривчлах ажиллагаа одоо хүртэл бодитой амжилт олохгүй байгаа нь далайн дээрэмчдийн сүлжээ нэгэнт бий болж, үүнийг санхүүжүүлэгч, ивээн тэтгэгчид хүчтэй, эрх мэдэлтэй байгаатай холбон тайлбарлаж байна.

Далайн дээрэм тонуулыг зогсоох хүчнийхэн маш бага судлагдсан асар том далайд эрэл хайгуул хийж буй учраас дээрэмчдийн талаарх мэдээлэл хомс, санхүүжүүлэгчдийг тогтоох амаргүй байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж