Царигийн тухай хэн юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Царигийн тухай хэн юу хэлэв?

Засгийн газраас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай  тогтоолын төсөл  УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор өргөн, нарийн цариг гэсэн маргаан олон нийтийн дунд дэгдээд байгаа. Тиймээс царигийн асуудлаар өнөөдөр болон өмнө нь хэн юу гэж ярьж байсныг сонирхуулъя.

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

Төмөр замын тухай хуульд суурь бүтэц нь Монгол Улсынх байна гэж заасан. Хуулийн дагуу л явна. Энэ хүрээнд 1949 оны гэрээг энэ ондоо багтаж манай улсад ашигтай хувилбараар шинэчлэхээр Оросын талтай ерөнхийдеө тохирсон байгаа.

Одоо хэлэлцээ хийж байна. Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх замыг хос болгохоор судалж байгаа.

 

 

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг

-Үйлдвэрлэл эрхлэхэд хэд хэдэн чухал хүчин зүйлийг санах ёстойг бизнес эрхэлсэн хэн ч мэднэ. Юуг үйлдвэрлэх юм бэ? Тэр бүтээгдэхүүүн нь ямар өртгөөр босч, ямар үнэтэй зарагдах вэ? Чанарын шаардлагыг хангаж чадах уу? Мартаж болохгүй нэг зүйл бол бидэнд ч, гадны худалдан авагчдад сонголт байгаа. Байсаар ч байх болно. Тэд үнэ, чанар, гүйцэтгэлээр сонголтоо хийнэ. Тэгэхлээр бидний үйлдвэрлэсэн дотоодын бүтээгдэхүүн маань дотоодод ч, гадаадад ч өрсөлдөх чадвартай байх ёстой. Үнэ, чанар түүнийг тодорхойлно. Хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бидний чин зориг, хүсэл эрмэлзлээс гадна зах зээлийн мэдлэг, үйлдвэрлэлийн нөү хаү, өндөр технологи, чадварлаг ажиллах хүчин бөгөөд асар их хөрөнгө шаардагдана. Дээрээс нь гаргасан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх дэд бүтэц бидэнд зайлшгүй хэрэгтэй болно. Харамсалтай нь бидэнд эхний хоёроос өөр аль нь ч байхгүй. Бий болгоход цаг хугацаа шаардагдана гэдгийг эрүүл ухаантай хэн ч ойлгоно.

 

Төмөр замын инженер Б.Лхагнаасүрэн

-Далайд гарцгүй, дэлхийн хоёр их геополитикийн дунд оршдог манай улсын хувьд гадагш баялгаа зарж борлуулан хөгжлийн түлхүүр болгоход дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр.Урд хөрш нарийн 1435 мм-ийн, хойд хөрш өргөн 1520 мм-ийн царигтай төмөр замтай.Бид Таван толгой, Нарийнсухайт, Оюу толгойн баялгаа урагшаа тээх гэж байна шүү дээ.Энэ стратегийн тээвэр мөн л юм бол урагшаа нарийн цариг тавих нь ашигтай.Үүнд маргаад байх зүйл баймааргүй.Төмөр замын до­тоодын нэгдсэн сүлжээ, үндэсний болоод эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол гэх зэргээр өнгөлөөд өргөн цариг гэж ярих нь утгагүй л дээ.Бүх юм эдийн засгийн тооцоо судалгаан дээр тулгуурлаж яригдах ёстой. Үндэсний аюулгүй байдлын тулгуур баримт бичигт ч төмөр замын бодлогын талаар “Эдийн засгийн үр ашигт тулгуурлана” гэсэн заалт байдаг.

 

Эдийн засагч М.Энхсайхан

-Төмөр замын асуудлыг улстөржүүлэх хэрэггүй. Угаасаа Монголд төмөр зам байгуулагдсан түүх бол Зөвлөлт Оросын бодлого байв. Нарийн нь Хятадынх, өргөн нь Оросынх гээд хуваагаад яриад байвал бүтэхгүй. Харин яавал монголчууд хөрөнгө мөнгөтэй болж, ашиг олох вэ гэдэг талаасаа харах хэрэгтэй. Эдийн засаг сайжирч, хүмүүсийн амьдрал дээшлэхгүй бол том яриад хэрэггүй. Тиймээс Засгийн газрын оруулж байгаа төмөр замын салбарт баримтлах бодлогыг хувьдаа дэмжиж байгаа. Хэзээ УИХ-аар хэлэлцэхийг мэдэхгүй юм. Ер нь манайх төмөр замын царигийг өргөн, нарийн л гэж яриад байгаа. Гэтэл олон улсын стандарт өргөн, нарийн гэдэггүй. Олон улсын стандартаас дээш гарсаныг өргөн, доош болсныг нарийн гэдэг. 1435 мм бол олон улсын стандарт л гээд ойлгоод авчих хэрэгтэй.

 

Уурхайчин  Д.Дамба

-Нүүр­­сийг ганцхан Хятадад нийлүүлэх гээгүй. Хятадаар дам­жуулж бусад оронд, далайгаар дамжуулан  гаргах алсын зорилго бий. Дэлхийтэй хамгийн ойр гарц нь Хятадаар дамжих. Оросын нутгаар дамжуулж Алс Дорнодоор явуулж Японы наахна аваачна гэхээр дөрөв дахин илүү зам туулна. Нүүрсийг тээвэрлэж нарийн царигаар ачна гэвэл нүүрсний чанар муудах эрсдэлтэй. Олон ачиж буулгасан нүүрс амархан шатах магадлалтай. Нүүрс ойрын арван жилдээ бол моодноос гарахгүй ч цаашдаа үнэд хүрэхгүй эд. Дэлхийн чиг хандлага, урд хөршийн бодлого ч ялгаагүй нүүрснээс эрчим хүч гаргаж авах аргаас татгалзаж байгаа. Дэлхийн хөгжилтэй улсууд ногоон эдийн засаг гэж их ярих болсон. Ойрын арван жилд байдаг чадлаараа нүүрс олборлож тээвэрлэлээ гэхэд Монголын нийт нөөцийн арав хүрэхгүй хувийг л ашиглана. Бид ийм баялаг нөөцтэй. Нарийн царигийг Засгийн газар өргөн барьсан. УИХ дээр ухаантай гишүүд олон байгаа л гэж найдаж байна. Эдийн засагт нөлөөтэй ийм чухал  асуудлыг улс төржүүлж, хэзээний өнгөрсөн үүх түүхтэй холбож харах  хэрэггүй. Түүхийн хуудсыг сөхвөл Хятад, Монгол хоёр сайн нөхөр яваагүй урт он жилүүд бий. Өнөөдөр тэрийг ярьж хадуураад хэн ч хожихгүй. Дэлхий даяараа Хятадтай харилцахыг хүсч байхад манайхан харилцахгүй гээд байх юм. Би нарийн царигийг эсэргүүцээд байгаа улсыг харин ч  Монголын эсрэг үзэл бодолтой юм болов уу гэж харж байна.

 

Инженер Ц.Бат 

Тусгаар тогтнол юутай эрхэм. Гэвч ядуу хүнд эрх чөлөө гэж байдаггүйтэй адилаар ядуу улсад тусгаар тогтнол гэж бараг байдаггүй. Мөнгөгүй улс газрын зураг дээр тусгаар байвч  гадаад харилцаанд тусгаар байж чаддаггүй. Мөнгөгүй жижиг улс олон улсын харилцааны субъект биш харин объект л болж хувирдаг нь гашуун үнэн.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж