Иргэдээс баримтаа өгөхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Иргэдээс баримтаа өгөхийг хүслээ

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл болж Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар Засгийн газрын 11-11 төв дээр ажиллалаа. Уг ярилцлагын сэдэв зорилго нь тусгай зөвшөөрлийн асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсох бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар иргэдэд тохиолдсон гомдлыг хүлээн авна хэмээн зарлагдсан юм. Гэвч иргэдээс тусгай зөвшөөрөлтэй холбоотой тодорхой санал гомдол ирүүлэхээс илүүтэй УИХ-ын хэлэлцүүлэгт буй хуулийн төслүүд, өөр сэдвүүдээр асуулт тавьж байсан юм. Гишүүдийн зүгээс тодорхой баримт факт байгаа тохиолдолд, түүнийгээ ирүүлбэл тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор асуудал үүсгэж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжтой гэдгээ хэлсэн байна.

-Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Л.Эрдэнэчимэг: 230 мянган цэцэрлэгийн насны хүүхдээс 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Улсын төсөв цэцэрлэг барьж дийлэхгүй. Иймд алтернатив хувилбараар гэрээр харах үйлчилгээг хуульчлах гэж байна. Улсаас цэцэрлэгт олгогдож буй нэг хүүхдийн 110 мянган төгрөгийн татаас өгнө. Эцэг эхээс ч тодорхой төлбөр гарахаар байгаа нь 50-60 мянган төгрөгийн зардал гэж тооцоо гарч байгаа. Хууль маань дараагийн долоо хоногоос хэлэлцэгдэх байх, энэ хаврын чуулганаар амжихгүй бол ирэх намрын чуулганы эхэнд хэлэлцэнэ гэж найдаж байна. Энэ хууль төсөвтэй холбоотой учраас ядаж 2015 оны төсвөөс 50 тэрбум төгрөгийг төсөвт суулгачихмаар байна”

-Нарантуулын түрээслэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Г.Уянга: Гал юунаас гарсан гэдэг дүгнэлт нь гарсан байх ёстой. Гэрээндээ ч тодорхой тусгасан байх ёстой. Бөмбөгөр шатахад түрээслэгчдийн гэрээнд энэ талаар огт тусгаагүй байсан. Дүгнэлт, гэрээнээс тодорхой харагдах байх.

-Газрын тухай хуулийг хэзээ батлах вэ?

Г.Уянга: Хуулийн төсөл нь орж ирээд хэлэлцүүлэгт шилжсэн зүйл алга. Саяны газрын тухай хуулийн төслийн бөөн маргаан УИХ –ын хэлэлцүүлэгт орж ирээгүй. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй ажлын нэг. Газар бол улсын үндэс. Энэ суурь ойлголтонд болгоомжгүйгээр хандаж болохгүй. Ер нь бол амжиргааны газрын асуудал асуудалгүй шийдвэрлэгдэх байх. Зарим нь Иргэний газар өмчлөх тухай хуулийг Засгийн газрын оруулж ирээд татаж авсан Газрын тухай хуулийн төсөлтэй андуураад байна. 

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдах болж байгаа юу?

-Л.Эрдэнэчимэг: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэлэлцэх эсэхийг нь дэмжээд баталчихсан. 18 сарын хугацаатай төсөл хэрэгжүүлж байж оруулж ирсэн. Хүүхдийн эрхийн хүчирхийллийг тусгай бүлэг болгож оруулж ирсэн.  Өмнөх хуулийн цоорхойг бөглөсөн сайн хууль гарна. Удахгүй батлагдана.

Б.ХАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж