Украины армийн нисдэг тэргийг буудаж унагаажээ

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Украины армийн нисдэг тэргийг буудаж унагаажээ

 

Украины сөргөлдөгч талууд түр гал зогсоохоор тохиролцсон боловч өчигдөр /VI.24/ Славянск хотын гадна Киевийн армийн Ми-8 нисдэг тэргийг Оросыг дэмжигч босогчид буудаж унагаажээ. Үүний улмаас Ми-8 нисдэг тэрэгт зорчиж явсан Украины армийн есөн хүн амь үрэгдсэн байна. Өмнөх өдөр нь Оросыг дэмжигч салан тусгаарлагчид Украины Ерөнхийлөгчийн зарласан ирэх баасан гариг /VI.27/ хүртэл гал зогсоох захирамжийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан аж. Гэвч мягмар гаригт Донецкийн бүгд найрамдах улсыг тунхагласан салан тусгаарлагчдын лидер Александр Бородай гал зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй, тулалдаанаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ. Одоогоор Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко армийн нисдэг тэргийг буудаж унагаан, цэргүүдийн амийг хөнөөсний хариуд ямар хариу арга хэмжээ авахаа зарлаагүй байна.

 

Үүний зэрэгцээ Европын холбооноос Украины хямралыг намжаахад ОХУ-ыг хамтран ажиллахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж буй юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины сөргөлдөгч талуудыг бие даасан яриа, хэлэлцээр хийхийг ятгаж байгаа аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж